УИХ-ын чуулганы өнөөдрийн (2021.10.28) үдээс хойших нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, Т.Доржханд нар 2021 оны аравдугаар сарын 4-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт танилцуулав. Тус Байнгын хороо 2021 оны аравдугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасны дагуу явуулжээ. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед УИХ-ын гишүүн Н.Энхболд хуулийн төслийн 1 дүгээр зүйлийн “олон улсын байгууллага” гэсний дараа “түүний" гэж нэмэх, мөн төслийн 2 дугаар зүйлийг хасах санал гаргасныг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэв.
Мөн УИХ-ын гишүүн Х.Булгантуяа төслийн 1 дүгээр зүйлд гаргасан зарчмын зөрүүтэй саналыг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.18 дахь хэсэгт заасныг баримтлан уг саналаар санал хураагаагүй байна. Түүнчлэн УИХ-ын гишүүн С.Бямбацогт Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу 2020 оны тавдугаар сарын 7-ны өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 42 дугаар зүйлд Улсын Их Хурлын хавсран гүйцэтгэж болох ажил, албан тушаалыг тодорхой заасан ч 2020 оны долдугаар сард тус хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр “төрийн бус байгууллагын сонгуульт албан тушаал” хавсарч болохоор нэмсэн нь УИХ-ын гишүүний хууль тогтоох, хянан шалгах, төлөөлөх чиг үүргээс гадуур ашиг сонирхолын асуудал үүсгэх тул Улсын Их Хурлын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.4 дэх заалтыг хасах боломжтой эсэх талаар асуулт асууж, хариулт авсан болохыг санал, дүгнэлтэд дурдсан юм.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн С.Бямбацогт гишүүн асуулт асууж, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар хариулт өгөв. Улсын Их Хурлын гишүүд аливаа олон нийтийн болон төрийн бус байгууллагад ямар нэг сонгуульт албан тушаал хашихыг хязгаарласан байсан ч үүнийг 2020 оны долдугаар сард өөрчилсөн.
Үүнийг анхаарч, гишүүд болж өгвөл хууль тогтоох, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих, ард түмнийг төлөөлөх гэсэн үндсэн үүргээс гадна Засгийн газрын гишүүнээр ажиллахаас бусад сонгуульт ажил, албан тушаал эрхлэхийг хязгаарлах нь зүйтэй гэдэг байр суурийг илэрхийлсэн. Ийнхүү гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны дэмжсэн зарчмын зөрүүтэй саналын хоёр томьёоллоор тус бүрд нь санал хураалт явууллаа. Дараа нь төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн байна.
| УИХ-ын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв | ||
| Үзсэн: 840 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.