Шууд Chart

Гэр хорооллын эмийн сангуудад эм хангамж, үнийн судалгаа хийж байна

2021-11-02 16:03:21

Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүргийн дагуу нийслэлийн алслагдсан хорооны нутагт ажиллаж буй эмийн сангуудад эм, тариа, эмнэлгийн хэрэгслийн хангамж хүртээмж ямар байгаа, үнэ ханшийн талаарх судалгааг гаргаж, чанар аюулгүй байдалд нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /НМХГ/-ын мэргэжилтнүүд хяналт тавьж ажиллаж байгаа.

Хяналт шалгалтад нийслэлийн зургаан дүүргийн алслагдсан хороод, гэр хороололд байрлах эмийн сангуудаас санамсаргүй түүврийн аргаар сонгон хамруулсан юм.  Урьдчилан сэргийлэх шалгалтад хамрагдсан байгууллага, аж ахуйн нэгжийн мэргэжилтнүүдэд эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.

Өнөөдрийн шалгалт Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хорооны алслагдсан эмийн сангаас эхэлсэн юм. Шалгалтын үеэр эм, биобэлдмэлийн хяналтын улсын байцаагч Б.Хишигжаргал “Хоёр асуудлын хүрээнд судалгаа, шалгалт хийж  байна. Нэгдүгээрт, эмийн үнийн асуудал. Эмийн сангуудад зарагдаж байгаа үнэ болон эм ханган нийлүүлэгч байгууллагуудын үнийн судалгааг гаргана. Мөн тасалдал үүссэн эмийн жагсаалтыг гаргаж, эмийн нөөц шалгана. Шалгалтад одоогоор 72 эмийн сан хамрагдаад байна. Харин өргөн хэрэглээний эмээс гадна зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад орсон эмүүд зарим эмийн санд тасалдсан байна. Зөвхөн "Ковид-19" гэлтгүй өдөр тутмын эмнэлгийн нөөцөд хэрэглэдэг эм тариа, натри хлорид, дуслын шингэнүүд, зүү тариур хомсдсон байна” гэдгийг онцолж байлаа. Мөн эмийн санчид “Тарилгын шингэнүүд тасарсан байна. Зарим нэр төрлийн антибиотикууд тасарсан” хэмээн ярьж байв.

Хяналт, шалгалтыг НМХГ-ын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн эм, биобэлдмэлийн хяналтын улсын байцаагч Б.Хишигжаргал ахалж, тус хэлтсийн болон дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн эм, биобэлдмэлийн хяналтын улсын байцаагчид аравдугаар сарын 28-наас эхэлсэн бөгөөд арваннэгдүгээр сарын 12-ний өдрийг  хүртэл хийж гүйцэтгэх юм. 


Гэр хорооллын эмийн сангуудад эм хангамж, үнийн судалгаа хийж байна  
Үзсэн: 1124 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй