Шууд Chart

Бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив

2014-05-28 14:00:29

УИХ-ын Төсвийн болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаан өнөөдөр үдээс өмнө хуралдаж, Бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн төсөл, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.
 

Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр уг хуулийн төслийн талаар танилцуулав. Нийтдээ 7 бүлэг, 57 зүйлтэй уг хуулийн төсөлд тендерийг хамгийн бага буюу доод үнийн дүнгээр тодруулдаг байдлыг өөрчилж тухайн бараа, ажил, үйлчилгээг төсөвт өртөгт нь багтаан хугацаанд нь чанартай гүйцэтгэж чадах тендерийг шалгаруулдаг байх, тендертэй холбоотой маргааныг шүүхэд биш дээд шатны төрийн захиргааны байгууллагад нь гаргах замаар шийдвэрлэдэг байх, компаниудын ажлын туршлага, чадавхийн талаарх мэдээллийн нээлттэй нэгдсэн сан бүрдүүлэх, тендер шалгаруулалтын хугацааг багасгах зэрэг зарчмын чухал зохицуулалтыг тусгажээ.
Хуулийн төслийн танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж тодруулав. Хуулийн төслийг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан саналаа хэлсэн УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан үнэ нь тендерийн тодорхой хэмжээний шалгуур үзүүлэлтийн нэг байх ёстойг анхаарах, түүнчлэн барилга объектын өртөгт нөлөөлж буй үнийн өсөлтийг зохицуулдаг механизмтай болох нь чухал байна гэсэн санал гаргасан бол УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл бага үнэ болохгүй байна гээд орхих биш харин зохистой үнийн асуудлыг анхаарч тусгах нь зүйтэй, мөн зөвлөх үйлчилгээ, хяналтын компанийн асуудлыг төсөлд суулгаж өгөхөд анхаарах хэрэгтэйг хэлэв. 
Мөн Улсын Их Хурлын гишүүн Д.Хаянхярваа нэгэнт бүтээн байгуулалтын ажил эхэлсэн үед төслийг хэлэлцэх гэж байгаа учраас хуулийн мөрдөх хугацааг сайн бодолцох нь зүйтэй, нөгөө талаар орон нутгийн эрх мэдлийг багасгаж болохгүй гэдгийг сануулсан бол Улсын Их Хурлын гишүүн С.Баярцогт хуулийн төслийг боловсруулахад Эдийн засгийн хөгжлийн яам дагнаж ажилласан, харин Сангийн яам, Худалдан авах ажиллагааны газрын оролцоо бага байсан нь харагдаж байна. Энэ хуулиар төрийн захиргааны бүх байгууллага тендер шалгаруулдаг эрхтэй байх, мөн тендерийн шинэ аргыг хэрэглэдэг болох зэргээс шалтгаалж тендер шалгаруулалтад субъектив хандлага давамгайлж мэдэхээр байгаад анхаарах хэрэгтэйг хэллээ.
Ингээд хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжих санал хураалт явуулахад байнгын хороодын хамтарсан хуралдаанд оролцсон 24 гишүүний 18 нь дэмжсэн тул энэ тухай санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр болов. Мөн уг хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэгтэй хамтарсан ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Б.Болороор ахлуулан байгуулж ажиллуулахаар тогтлоо.
 

Нийтэлсэн: Ж.Тагтаа

Бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив  
Үзсэн: 1434 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй