
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдааны эхэнд Газрын тосны тухай шинэчилсэн найруулга болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Газрын тосны тухай хуулийг бүхэлд нь шинэчлэн найруулж, газрын тос, байгалийн хий, уламжлалт бус газрын тосны талаарх ойлголт, төрийн байгууллагууд болон нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээг тодорхой болгон, роялти, татварын хувь хэмжээ, түүнийг оногдуулах, хөнгөлөх, чөлөөлөх, тусгай зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох, газрын тос эрэх, хайх, ашиглах үйл ажиллагаатай холбоотой харилцааг боловсронгуй болгон хуульчлах зайлшгүй шаардлагатай байгаа тул уг хуулийн төслийг боловсруулсан байна. Хуулийн төсөл боловсруулахтай холбогдуулан тусгай зөвшөөрлийн болон нөөц ашигласны төлбөрөөс улсын, орон нутгийн төсөвт төвлөрүүлэх, байгаль орчныг нөхөн сэргээх баталгаа болгож эскроу дансанд байршуулах мөнгөн хөрөнгийн хувь хэмжээ болон бусад шаардлагатай эдийн засгийн тооцоо, судалгааг хийжээ. Хэлэлцүүлгийн явцад гишүүд асуулт асууж, санал хэлсэн. Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан, Монголын эрдэс баялагийн салбарын хууль, эрх зүй тогтвортой байгаасай гэдгийг гадны хөрөнгө оруулагчид хүсч байгаа. Иймд гадны хөрөнгө оруулалтыг татсан, хууль эрх зүйн хувьд бусад орнуудтай өрсөлдөхүйц хууль гаргах шаардлагатай гэдгийг онцолж байсан бол Улсын Их Хурлын гишүүн Я.Содбаатар, хуулийн төслийг өмнө нь Их Хурал хүлээж авалгүй буцаасан. Одоо оруулж ирж байгаа хуулийн төсөлд тодорхой саналууд байгаа ч хөрөнгө оруулалтыг муутгасан орчинг бүрдүүлэхээр байна гэсэн шүүмжлэлийг хэлсэн юм. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ц.Баярсайхан, хуулийг шинэчлэх нь зөв. Гэхдээ хуулийн өмнөх эрх зүйн орчныг муутгахгүй байх нь чухал гээд, төсөлд улсын төсвөөр хайгуул хийнэ гэж заасныг сайтар бодох хэрэгтэйг анхааруулав. Хуралдаанаар хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулах саналыг гишүүдийн олонх дэмжиж, Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийг томилов. Ингээд хуулийн төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэхийг гишүүдийн олонх дэмжлээ.
Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжлээ | ||
Үзсэн: 1553 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.