
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Төсөл санаачлагчийн илтгэлийг Уул уурхайн сайд Д.Ганхуяг танилцуулсан юм. Цагаан суваргын зэс-молибдений орд нь Дорноговь аймгийн Мандах сумын нутагт оршдог. Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч “Монголын алт (МАК)” ХХК.
Ашигт малтмалын тухай хуулийн 5.5 дугаар зүйлд “Улсын төсвийн оролцоогүйгээр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг эзэмшигчийн тухайн ордод оруулсан хөрөнгийн 34 хүртэлх хувьтай тэнцэх хувьцааг төр эзэмшиж болох бөгөөд уг хэмжээг төрөөс оруулах хөрөнгө оруулалтын хэмжээг харгалзан орд ашиглах гэрээгээр тодорхойлно” гэж зааснаар тус төслийн нийт хөрөнгө оруулалт болох 1031.2 сая ам.долларын 34 хувь болох 350.6 сая ам.долларын хөрөнгийг оруулснаар, төр 34 хувийн хувьцааг эзэмших УИХ-ын тогтоолын төслийг боловсруулсан байна.
Тогтоолын төсөлд тус ордын төрийн эзэмшлийн 34 хувьтай тэнцэх хувьцааг тухайн ордод оруулсан тусгай зөвшөөрөл эзэмшигчийн оруулсан хөрөнгийн 34 хувь буюу 350.6 сая ам.долларын санхүүжилтийг 2014 оны хоёрдугаар улиралд Засгийн газрын бонд гарган шийдвэрлэхээр тусгажээ. Түүнчлэн төрийн эзэмшлийн хувьцааг “Эрдэнэс МГЛ” ХХК-нд эзэмшүүлж, Цагаан суваргын ордын тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хамтарсан компани байгуулах талаар тусгасан байна. Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Я.Содбаатар, Ц.Нямдорж, Б.Ганбат, Д.Батцогт, Л.Энх-Амгалан нар асуулт асууж хариулт авав.
Гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжлээ.
“Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” нэгдсэн чуулганаар хэлэлцэнэ | ||
Үзсэн: 1557 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.