
Засгийн газрын арилжаалж бүрдүүлсэн Чингис бондын хөрөнгөөр санхүүжүүлэх боломжтой барилгын болон эрүүл мэндийн салбарын үйлдвэрүүдийн төсөл хөтөлбөрийг Бодлогын зөвлөлийн энэ сарын 20-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэлээ.
Барилгын салбарт Монголын алт ХХК-ийн хоногт 3000 тонн клинкер, жилд нэг сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай “Хөх цавын” цементийн үйлдвэрт 87.5 сая ам доллартай тэнцэх төгрөг олгохоор болсон байна. Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутагт баригдаж буй “Хөх цавын” цементийн үйлдвэрийн төсөвт өртөг 351.6 сая ам. доллар. Энэ оны 11 дүгээр сард ашиглалтад оруулахын тулд хүсч байсан санхүүжилт 87.5 сая ам доллар байсныг ийнхүү шийдвэрлэжээ.
Түүнчлэн Дорноговь аймгийн Өргөн суманд баригдаж байгаа Монполимет ХХК-ийн жилд нэг сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай “Монцемент” төслийг Чингис бондын хөрөнгөөр санхүүжүүлэхээр боллоо. Энэ төслийн төсөвт өртөг нь 284.8 сая ам доллар. 2015 оны 11 дүгээр сард ашиглалтанд оруулахаар төлөвлөж байгаа Монцемент төсөлд 65 сая долларын санхүүжилт шаардлагатай байсныг хоёр үе шаттайгаар санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн байна. Эхний үе шатанд 35 сая ам.доллартай тэнцэх төгрөг, нэгдүгээр үе шатны ажил дууссаны дараа үлдэгдэл 30 сая ам.доллартай тэнцэх төгрөгийг олгохоор болжээ.
Засгийн газрын зүгээс цементийн импортын хамаарлыг арилгахаар бодлогын түвшинд дэмжлэг үзүүлсэн “Хөтөлийн цемент шохойн үйлдвэр” жилд нэг сая тонн үйлдвэрлэж эхэлсэн. 2015 оны сүүлч гэхэд дээрх гурван үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллаж, эх орондоо жилд гурван сая тонн цемент үйлдвэрлэдэг болох юм.
Тус бүр нь нэг сая тонн хүчин чадалтай эдгээр том үйлдвэрээс гадна жилд 200 мянган тонн хүртэл цемент үйлдвэрлэх үйлдвэрүүд баригдаж эхэлсэн. Дархан-Уул аймаг дахь Эрлийн цементийн үйлдвэр хүчин чадлаа 700 мянган тонн-д хүргэхээр техникийн шинэчлэлт хийж байна. Эдгээр үйлдвэрүүд төлөвлөсөн ёсоороо ашиглалтад орвол 2016 он гэхэд цементийн импортын хамаарлаас бүрэн ангижирч, эх орондоо дөрвөн сая хүртэл тонн цемент үйлдвэрлэдэг болох юм.
Цементийн төслүүдэд санхүүжилт олгохоор боллоо | ||
Үзсэн: 2095 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.