Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгүүдийг хийлээ.
Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгээр төсвийн тооцоололтой холбоотой шаардлагатай бол холбогдох хууль тогтоолын төслийг боловсруулах талаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу Байнгын хорооноос Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд хуулийн төслийг боловсруулсан байна.
Хууль, тогтоолын төслүүдийн талаарх Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир, С.Ганбаатар нарын асуултад Ажлын хэсгийн зүгээс хариулт өгсөний дараа хуулийн төслүүдийг зүйл бүрээр хэлэлцсэн бөгөөд гишүүдийн зүгээс зарчмын зөрүүтэй саналууд гаргасангүй.
Иймд Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа дээрх хоёр хууль, нэг тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь эцэслэн батлах горимын саналуудыг гаргасанд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжив. Хууль, тогтоолын төслүүдийн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд, Х.Баделхан, С.Ганбаатар нар чуулганы нэгдсэн хуралдаанд тус тус танилцуулахаар болов.
Хуралдаан “Авлигатай тэмцэх газрын албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгээр үргэлжилсэн.
Авлигатай тэмцэх газраас 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсөвтөө багтаан, Авлигатай тэмцэх газрын албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох саналаа УИХ-д ирүүлсэн байна.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 93 дугаар зүйлд заасны дагуу Байнгын хорооноос боловсруулсан уг тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт асууж, санал хэлж, зарчмын зөрүүтэй санал гаргах гишүүн байсангүй. Иймд Байнгын хорооноос гаргасан тогтоолын төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, анхны хэлэлцүүлгээр нь батлуулах нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 75 хувь нь дэмжлээ.
Хуралдааны төгсгөлд “11 дүгээр сарын хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв. Уг тогтоолын төсөлд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн тухай хууль, хамт өргөн мэдүүлсэн бусад хууль тогтоолын төслүүд, төсвийн хүрээний мэдэгдэл зэрэг асуудлыг хэлэлцэн батлахаар тусгасан байлаа.
Ингээд Байнгын хорооны тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ гэж УИХ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
| Хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ | ||
| Үзсэн: 1186 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.