![](/uploads/202111/news/thumb/df25985ea987c5675a346db6e9f2d975_x3.jpg)
МҮОНРТ-ийн Ерөнхий захирал А.Бүрэнбаатар Монголын үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваа нар өнөөдөр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
Тус санамж бичгийн зорилго нь дээрх хоёр байгууллагын хөгжил дэвшилд шаардлагатай хамтарсан судалгаа шинжилгээний ажил хийх, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, шинэ технологи, инновацын хамтын ажиллагаа, түншлэлийг өргөжүүлэх, хөрөнгө оруулалт босгох, судалгааны зөвлөх үйлчилгээ хэрэгжүүлэх, оюутан дадлагажуулах, ажиллуулах, хүний нөөцийн залгамж холбоог бий болгох. Мөн төрийн, орон нутгийн болон эрдэм шинжилгээ, сургалтын байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд оршиж байгаа аж.
Энэ үеэр тус эрхмүүдээс тодруулга авсан юм.
МҮОНРТ-ийн Ерөнхий захирал А.Бүрэнбаатар: Статистикийн тоо баримтыг зөвхөн ярих биш хэрэглээндээ ашигладаг байх нь чухал
МҮОНРТ нь контент үйлдвэрлэдэг байгууллага. Бид нийтлэл, нэвтрүүлэг бэлтгэхэд тоо баримт чухал байдаг. Гэхдээ уг тоо баримтыг ашиглахаас илүү хэрэглэгчдэд хэрэглээнд хэрхэн нэвтрүүлэх вэ гэдэг талаар хамтарч ажиллах юм. Манай байгууллага дэргэдээ судалгааны нэгжтэй болсон. Тиймээс тэднийгээ сургах, сэтгүүлчдээ уг тоо баримтуудыг зөв уншуулж олон нийтэд хүргэх талд сургалт зохион байгуулна. Ингэснээр МҮСХ-ны хийж хэрэгжүүлж байгаа томоохон ажлуудыг үзэгч, уншигч, сонсогчдод зөв хүргэхэд анхаарна. Тэгэхээр бид зөвхөн тоо яриад өнгөрөх биш хэрэглээндээ ашигладаг байх нь чухал юм.
МҮСХ-ны дарга Б.Батдаваа: Сэдэвчилсэн чиглэлээр нарийвчилсан судалгаатай контент бэлтгэнэ
Монголын үндэсний статистикийн салбарын 97 жилийн ойн өдөр өнөөдөр тохиож байна. Энэхүү түүхэн өдрөөрөө МҮОНРТ-тэй санамж бичиг байгуулж байгаадаа баяртай байна. Бид олон нийтийн болон хувийн хэвшил, төрийн байгууллагуудын статистикийн хэрэглээг яаж сайжруулах, үүний эцэст бодлого шийдвэр гарахад хэрхэн зөв зүйтэй, нотолгоотой болгоход дэмжлэг үзүүлэх вэ гэдэгт санамж бичигтээ төвлөрч ажиллана. Мөн яваандаа гадаад худалдааны өрсөлдөх чадвар, Монгол Улсын өрсөлдөх чадвар, бизнесийн таатай орчин гэх мэт сэдэвчилсэн чиглэлээр нарийвчилсан судалгаатай контент бэлтгэхээр тохиролцлоо. Ингэвэл ард түмэнд зөв бөгөөд ойлгомжтой мэдээлэл хүрнэ гэж харж байгаа.
МҮОНРТ, Монголын Үндэсний статистикийн хороотой хамтран ажиллана | ||
Үзсэн: 858 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.