Монгол Улсаас Унгар Улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд С.Баатаржав Унгар Улсын Өтвөш Лорандын нэрэмжит эрдмийн их сургуульд 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр зочилж, Монгол судлалын Олон улсын холбооны Ерөнхийлөгч Бирталан Агнештай уулзан Монгол, Төв Ази судлалын тэнхимийн дэргэдэх Монгол судлал төвийн үйл ажиллагаатай танилцав.
Уулзалтын үеэр Элчин сайд С.Баатаржав Европын орнууд дотроос Монголын тухай хамгийн их судалсан орнуудын тэргүүн эгнээнд Унгарын эрдэмтэд, тэдний бүтээл туурвил зүй ёсоор орж буйг цохон тэмдэглээд, Монгол Улсын Засгийн газраас монгол судлалыг хөгжүүлэхэд ихээхэн анхаарч буйг дурдан цаашид боловсрол, соёл, шинжлэх ухаан, түүх, хэл шинжлэлийн чиглэлээр судалгаа, шинжилгээ хийх, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, олон улсын хурал зөвлөгөөн зохион байгуулахад Элчин сайдын зүгээс байнга анхаарч зохих дэмжлэг үзүүлэн хамтран ажиллахаа илэрхийлэв.
Монгол судлалын Олон улсын холбооны Ерөнхийлөгч Бирталан Агнеш тус сургуулийн Монгол, Төв Ази судлалын тэнхимд монгол хэлний багш ирүүлэхэд анхаарал хандуулахыг Элчин сайдаас хүсэв.
Элчин сайд С.Баатаржав Монгол Улсын Шинжлэх ухааны академиас ирүүлсэн монгол судлалтай холбоотой сүүлийн үеийн бүтээлээс Хатагтай Бирталан Агнешт гардуулж ажлын амжилт хүсэв.
Элчин сайд С.Баатаржав Унгар улсын Өтвөш Лорандын нэрэмжит эрдмийн их сургуульд зочлов | ||
Үзсэн: 2052 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.