УИХ-ын 2021 оны намрын ээлжит чуулганы өчидрийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, хуулийн төслүүдийн талаарх Ажлын хэсэг болон Улсын Их Хурлын гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураав.
Тухайлбал, Ажлын хэсгээс төслийн 11 дүгээр зүйлд 11.3 дахь “Улсын Их Хурлаас энэ хуулийн 11.2-т заасны дагуу Засгийн газарт үүрэг, чиглэл өгсөн хууль тогтоомжийн хэрэгжилтийн тайланг хагас жил тутамд Улсын Их Хуралд ирүүлэх ба түүнд Тамгын газар дүн шинжилгээ хийж, танилцуулгыг холбогдох Байнгын хороодод хүргүүлнэ.” гэж, төслийн 21 дүгээр зүйлд 21.5 дахь “Энэ хуулийн 23.4-т заасан тооцоог хийхэд шаардагдах Төсвийн тухай хуулийн 8.4.3-т заасан жилийн төсвийн саналыг тухайн хугацаанд, төсвийн ерөнхийлөн захирагчдын төсвийн задаргааг зардлын эдийн засгийн ангиллаар, зардлыг санхүүжүүлэх эх үүсвэрийн задаргааны хамт тухайн жилийн төсвийн төслийг хэлэлцэх хугацаанаас өмнөх дараалсан 3 жилийн зэрэгцүүлсэн задаргааны хамт Улсын Их Хуралд ирүүлнэ.” гэсэн хэсэг тус тус нэмэх санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.
Мөн төслийн 32 дугаар зүйлд Хяналтын сонсголыг хүчинтэйд тооцох 32.1 дэх “Энэ хуульд өөрөөр заагаагүй бол Байнгын, дэд, түр хорооны гишүүдийн гуравны нэгээс доошгүй нь оролцсоноор тухайн сонсголыг хүчинтэйд тооцно.” гэж, төслийн 69 дүгээр зүйлд 69.9 дэх “Холбогдох албан тушаалтан энэ хуульд заасан сонсголд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, эсхүл холбогдох тайлбар, мэдээлэл өгөхөөс хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр татгалзсан бол Төрийн албаны хуульд заасан хариуцлага хүлээлгүүлнэ.” гэсэн хэсэг нэмэх Ажлын хэсгийн саналууд тус тус дэмжигдэв.
Харин Ажлын хэсгээс гаргасан төслийн 45 дугаар зүйлийн 45.1 дэх хэсэгт “Улсын Их Хурлын гишүүн нэгэн зэрэг хоёроос илүүгүй хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд орж ажиллаж болно.” гэсэн 2 дахь өгүүлбэр нэмэх саналыг хуралдаан даргалагчаас гүйцээн боловсруулах чиглэл өглөө.
Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэнгээс төслийн 45 дугаар зүйлийн 45.3 дахь хэсгийг “45.3.Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 11.1, 11.2-т заасан олонх, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 11.3-т заасан цөөнхийн төлөөлөл энэ хуулийн 45.2-т заасан зарчмын дагуу түр хорооны бүрэлдэхүүнд оруулах гишүүдийн нэрийг өөрөө тогтоож, холбогдох Байнгын хороонд хүргүүлнэ. Байнгын хороо ирүүлсэн нэрийг өөрчлөхгүйгээр хэлэлцэнэ.” гэж өөрчлөн найруулах санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 66.7 хувь нь дэмжив.
Ингээд Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн.
Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ | ||
Үзсэн: 795 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.