Монгол Улсаас Бүгд Найрамдах Чех Улсад суугаа Элчин сайд Д.Гансүх Прага хотын Амьтны хүрээлэнгийн захирал Мирослав Бобекыг 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр ЭСЯ-нд урьж уулзав. Уулзалтын үеэр талууд Дорнод аймгийн Нөмрөгийн дархан цаазат газарт тахийг шилжүүлэн байршуулах төсөл, хавтгай, бөхөн, мазаалай зэрэг нэн ховордсон амьтдыг хамгаалах асуудлаар санал солилцов.
Элчин сайд Д.Гансүх Прага хотын амьтны хүрээлэнгийн тахийг эх нутагт нь нутагшуулах төсөл нь Монгол, Чехийн хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болж нийтэд танигдсаныг дурдаад энэхүү төслийг үргэлжлүүлэх, улмаар Монгол орны бусад нэн ховордсон амьтдыг хамгаалах чиглэлээр хамтран ажиллахын төлөө буйгаа илэрхийлэв.
Прага хотын Амьтны хүрээлэн 1933 оноос эхлэн тахийг өсгөн үржүүлж эхэлсэн бөгөөд 1959 оноос тахийн удмын сангийн бүртгэл, мэдээллийг хөтөлж ирсэн нь чухал ач холбогдолтой өв болон үлджээ. Тус амьтны хүрээлэн 2011 оноос өөрсдийн санхүүжилт, хандивын тусламжтайгаар 34 тахийг Говийн их дархан цаазат газрын “Б” хэсэгт эргэн нутагшуулсан байна.
Элчин сайд Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Прага хотын амьтны хүрээлэн, Монгол шуудан ХК-ийн хамтран гаргасан тахийн сүрэг бүхий “Прага хотын амьтны хүрээлэн-Зүүн гарын говь” сэдэвт маркны эх хувийг ноён Мирослав Бобект дурсгав.
Элчин сайд Д.Гансүх Прага хотын амьтны хүрээлэнгийн захирлыг хүлээн авч уулзав | ||
Үзсэн: 977 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.