Монголын үндэсний олимпын хорооны Гүйцэтгэх зөвлөл энэ сарын 17-нд хуралдаж, 30-нд товлогдоод байсан МҮОХ-ны VIII чуулганыг хойшлуулах асуудлаар, үүсээд буй нөхцөл байдлын тухай хэлэлцэн шийдвэрийг гаргалаа.
МҮОХ-ны VIII чуулганыг энэ сарын 30-нд зохион байгуулах товыг өнгөрсөн наймдугаар сарын 26-нд болсон МҮОХ-ны гишүүдийн хурлаар тогтож, хараат бус сонгуулийн комиссыг байгуулсан билээ.
Хараат бус сонгуулийн комисс нь дүрмийн дагуу гишүүн байгууллагуудад мэдээлэл хүргүүлж, чуулганы төлөөлөгчид болон нэр дэвшигчдийн анкет, материалыг хүлээн авах зэрэг бэлтгэл ажлыг шат дараатай гүйцэтгэн ажиллаж байв.
Гэвч комиссын нэгэн гишүүн эрүүл мэндийн байдлаас шалтгаалан үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг ирүүлсэн байна.
Мөн МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн нэр бүхий гишүүнээс хараат бус сонгуулийн комисст хандсан гомдлыг ирүүлсэн байна. Уг гомдолд “Хараат бус сонгуулийн комиссын гишүүд бусдын нөлөөнд авталгүй, хараат бусаар үйл ажиллагаагаа явуулах чадамжгүй байна, сонгуулийн үйл ажиллагааг шударга явуулна гэдэгт эргэлзэж байгаа” тухай дурджээ.
Уг асуудлуудын хүрээнд хараат бус сонгуулийн комисс хуралдаж, ажлаа үргэлжлүүлэн хийх боломжгүй болсон тухай тайлбараа МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлд ирүүлэв.
Дээрх шалтгааны улмаас МҮОХ-ны чуулганыг тодорхой хугацаагаар хойшлуулах нөхцөл байдал үүсээд буй бөгөөд МҮОХ-ны дүрмийн дагуу хараат бус сонгуулийн комиссыг Гишүүдийн хурлаас томилох ёстой. Харин Гишүүдийн хурлыг хурал болохоос 30-аас доошгүй хоногийн өмнө зарлах дүрмийн заалттай /Дүрмийн 16.2/.
Иймд МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлөөс Гишүүдийн ээлжит бус хурлыг ирэх арванхоёрдугаар сарын 20-нд зохион байгуулахаар тогтжээ.
МҮОХ-ны чуулган хойшлогдлоо | ||
Үзсэн: 664 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.