Шууд Chart

Ирэх онд хувьчлах эд хөрөнгийн жагсаалтыг танилцуулав

2021-11-18 17:24:50

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн 19 дүгээр хуралдаан 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр боллоо. Хуралдааны үеэр Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн гишүүд Нийслэлийн Өмчийн ашиглалт удирдлагын газраас 2021 оны өмч хувьчлалын орлого хийгээд төлөвлөгөөний биелэлт, ирэх оны төлөвлөгөөг танилцуулав.

2021 онд найман байршилд нийслэлийн өмчид бүртгэлтэй барилга байгууламжийг нээлттэй дуудлагаар худалдахаар төлөвлөсөн ч хараахан шийдэгдээгүй өнөөг хүрээд байгаа юм. Хөндлөнгийн байгууллагаар үнэлгээ хийлгэх ажил хойшлогдсоны зэрэгцээ энэ онд  хэд хэдэн удаа бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, 13 нэр төрлийн үйл ажиллагаанаас бусдыг хязгаарласантай холбоотой ажээ.  Нээлттэй дуудлага худалдаа танхимд болдог байсан бөгөөд цаашид цахимаар зохион байгуулах саналыг гаргаж буй юм.

2022 онд хувьчлах өмч хөрөнгийн жагсаалтыг гаргахдаа есөн дүүрэг, харьяа байгууллагаас санал авсан байна. Ирэх онд Сонгинохайрхан дүүргийн  25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ахуйн үйлчилгээний барилга, Сонгинохайрхан дүүргийн  32  дугаар хорооны Эмээлтийн түүхий эдийн захын лабораторийн барилга, “Монгол шуудан” ХК-ийн Сүхбаатар дүүргийн зургадугаар хорооны нутаг дахь 46 дугаар салбар, Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутагт байрлах 17 дугаар салбарын барилга гэсэн дөрвөн байршилд хувьчлал явуулахаар төлөвлөгөөнд тусгажээ. Эдгээр барилгууд нь тус тусын онцлогоос шалтгаалан 77-245 сая төгрөгөөр үнэлэгдээд байгаа юм.

Өмнө нь дуудлага худалдаа зарласан ч санал ирээгүй 23 өмч, барилга байгууламж  байдаг аж. Шинэ хуулиар дүүргүүд өмчтэй, захиран зарцуулах эрхтэй болж байгаа. Төрийн өмчийг сүүлийн  30 жилийн турш хувьчилсан нь хангалттай, цаашид хувьчлах гэхээсээ илүү зөв менежмент хийж, өмчийг үнэтэй, ирээдүйтэй болгох бодлогыг тусгаад буй юм. Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн гишүүд Нийслэлийн Өмчийн ашиглалт удирдлагын газрын хувьд 2021 онд нээлттэй дуудлага худалдааг өнөөг хүртэл зохион байгуулаагүй, өмч хувьчлалын төлөвлөгөөг тасалдуулсан зэрэгт шүүмжлэлтэй хандаж байлаа.


Ирэх онд хувьчлах эд хөрөнгийн жагсаалтыг танилцуулав  
Үзсэн: 1342 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй