УИХ-ын 2021 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2021.11.18) хуралдаанаар Засгийн газраас 2021 оны арван нэгдүгээр сарын 3-ны өдөр өргөн мэдүүлсэн “Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэлээ.
Эдийн засгийн байнгын хороо уг асуудлыг хаалттай хуралдаанаар хэлэлцсэн тул төслийг хаалттай хэлэлцэх горимын саналыг УИХ-ын гишүүн Ш.Адьшаа гаргасан. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх горимын саналыг дэмжээгүй тул хуралдаан нээлттэй үргэлжиллээ.
Төсөл санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ нар танилцуулав.
Манай улсын нийгэм, эдийн засгийн байдал хүндхэн байсан 1990-ээд оны эхэн үед Япон Улсын Засгийн газар тусламжийн гараа сунгаж 1-2.6 хувийн хүүтэй, 30 жилийн хугацаатай, эхний 10 жил үндсэн төлбөрөөс чөлөөлөх нөхцөлтэй, төмөр замыг сэргээн сайжруулах МОН-П1, МОН-П2 төслийг хоёр үе шаттай хэрэгжүүлэхээр зээл олгосон. Уг төсөл нь Улаанбаатар төмөр замын техник, технологийн дэвшилд төдийгүй, Монгол Улсын хөгжилд тухайн үедээ бодитой хувь нэмэр оруулсан.
Монгол Улсын Засгийн газар тус зээлийг авсны дараагаар 2000 онд Монгол Улсын Сангийн яам, “Улаанбаатар төмөр зам” ХНН хооронд дамжуулан зээлдүүлэх гэрээг байгуулахдаа зээлийн хүү 1.2-2.8 хувь, эргэн төлөгдөх хугацааг 25 жил болгосон байдаг. Гэхдээ энэ нь төрөөс төмөр замыг дэмжин харж үзсэн оновчтой шийдвэр байсныг дурдах нь зүйтэй. МОН-П1, МОН-П2 төсөл нь 7.9 тэрбум иен буюу тухайн үеийн албан ханшаар 78.6 тэрбум төгрөгтэй дүйцэхүйц дүнтэй зээл байжээ.
Төслийн санхүүжилтээр хэрэгжүүлсэн зарим арга хэмжээнээс дурдвал: Төслөөр авсан ДАШ7 серийн зүтгүүрийг тухайн үедээ ОХУ-д үйлдвэрлэсэн 2М62 серийн зүтгүүртэй харьцуулахад түлшний зарцуулалт 20-30 хувь, тос маслын зарцуулалт 18 дахин бага байсан ба Багануур-Улаанбаатар хооронд нүүрс тээвэрлэлтийн 80 орчим хувийг ДАШ7 серийн 2 ш зүтгүүрээр гүйцэтгэсэн. Мөн ачаа болон зорчигчийн вагоныг худалдан авсан хэмнэлтийн зөрүүнээс 18 сая ам.доллараар 1400 км урттай шилэн кабелийг төмөр замын шугамын дагуу суурилуулсан нь манай улсад интернетийн сүлжээний үйлчилгээг бий болгосон анхдагч байжээ.
“Улаанбаатар төмөр зам” ХНН нь 2000-2014 онуудад 48 тэрбум төгрөгтэй дүйцэхүйц иенээр зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг төлж байсан ба 2014 оноос хойш валютын ханшийн өсөлт, дизель түлшний онцгой албан татварын төлөлт, ачаа тээвэр эрс багассанаас шалтгаалан зээл түүний хүүгийн төлбөр төлөгдөх боломжгүй болсон байна.

УИХ-ын 2019 оны 52 дугаар тогтоолоор тухайн үеийн зээлийн үлдэгдэл, хүүгийн төлбөр, алдангийн нийлбэр дүнгээс нийгэмлэгийн өөрийн хэрэгцээнд импортолсон дизель түлшний онцгой албан татварт төлөгдсөн 73.8 тэрбум төгрөгийг суутган тооцсон хэдий ч одоогоор 131 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байна. Монгол-Оросын Засгийн газар хооронд байгуулсан 1949 оны олон улсын хэлэлцээрээр дизель түлшний онцгой албан татвар төлөх үндэслэлгүй байсан хэдий ч авсан зээлийн дүнгээс тооцон төлбөрийг барагдуулсан.
Засгийн газраас өргөн мэдүүлээд буй УИХ-ын тогтоолын төсөлд “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн зээлийн үлдэгдэл болох 2.5 тэрбум иенийг 2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийн ханшаар тооцож төгрөгт шилжүүлэх, мөн өдрөөс эхлэн зээлийн хүү, алдангийг зогсоох, зээлийн үлдэгдэлээс нийгэмлэгийн дүрмийн сангийн Монголын талын хувь хэмжээг 83.7 тэрбум төгрөгөөр, Оросын талын хувь хэмжээг мөн 83.7 тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдүүлэх асуудлаар хэлэлцээ хийх, үлдэгдэл 47.3 тэрбум төгрөгийг тус нийгэмлэгээс Улсын төсөвт 2021-2025 онуудад төвлөрүүлэхээр тус тус тусгасан болно.
ОХУ-ын Тээврийн яамнаас ирүүлсэн албан ёсны саналыг хүндэтгэн үзэж, тус улсын Засгийн газрын орлогч дарга тэргүүтэй төлөөлөгчид 2021 оны аравдугаар сард манай улсад ажлын айлчлал хийх үеэр энэ асуудлыг ярилцсаны эцэст хоёр улсын цаашдын харилцаа, хамтын ажиллагаа, томоохон төслүүдийг хамтран хэрэгжүүлэх болон Монгол-Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хүрээнд “МОН-П1”, “МОН-П2” төслийн зээлийн үлдэгдлийг бүрэн шийдвэрлэхээр тохиролцсон гэлээ.
Эдийн засгийн байнгын хороо “Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг 2021 оны арван нэгдүгээр сарын 16-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцжээ. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд тогтоолын төсөлтэй холбогдуулж асуулт асууж, хариулт авсан бөгөөд гишүүдийн олонх дээрх тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна.

Төсөл санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, ажлын хэсгээс хариулт авав. Тухайлбал, Монгол Улсын төмөр замын 50 хувь нь хөрш улсын мэдэлд байдаг асуудлыг шийдвэрлэх чиглэлээр хийж байгаа ажлын талаар тодруулахад “Манай улсын хувьд 1949 оны хэлэлцээрийг өөрчлөх асуудлыг дотооддоо бүрэн шийдвэрлэсэн бөгөөд ОХУ-тай энэ асуудлыг хэлэлцэх ажлын хэсгийг байгуулах шатанд явж байгаа” гэдэг хариултыг Л.Халтар сайд өгөв. Ц.Сандаг-Очир гишүүн төслийг хэлэлцэхийг дэмжиж байгаагаа илэрхийлээд, МОН-П4 төслийн талаар Засгийн газрын түвшинд хэлэлцэж, шийдвэр гаргахгүй байгаад шүүмжлэлтэй хандаж буйгаа илэрхийлсэн юм. 1997-1998 онд МОН-П4 төслийн хүрээнд Багануур, Налайхын уурхайд зээл авч, тоног төхөөрөмжөө шинэчилсэн байдаг. Энэ хоёр уурхай нь Улаанбаатар, Дархан-Уул, Орхон аймгийн эрчим хүчээр хангадаг. Эдгээр уурхайн нүүрсний үнэ чөлөөлөгдөөгүй өнөөдрийг хүрсэн, тонн тутамдаа 4000-5000 төгрөгийн алдагдалтай ажиллаж байгааг хэлсэн юм.
Улмаар эрчим хүчний үнэ тариф болон нүүрсний үнийг чөлөөлөх асуудлаар Засгийн газар ямар байр суурьтай байгааг Ц.Сандаг-Очир гишүүн лавлав. Б.Жавхлан сайд хариулт өгөхдөө “Ирэх жилээс шат дараатайгаар үнэ тарифыг чөлөөлөх асуудлыг хөндөх болно. Нүүрс, эрчим хүч, төмөр зам, нефтийн бүтээгдэхүүний үнийг чөлөөлөх асуудлыг шат дараатайгаар чөлөөлөх шаардлага бий” гэлээ. “МОН-П1”-ээс “МОН-П11” хүртэлх төслүүд бий бөгөөд хэлэлцэж буй УИХ-ын тогтоолын төслийн хүрээнд “МОН-П1”, “МОН-П2” төслийн зээлд хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлсэн зүйлгүй, бүтцийн өөрчлөлт л хийж байгаа гэдгийг онцлон тайлбарлав. Үргэлжлүүлэн УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Х.Баделхан, Б.Бат-Эрдэнэ, Т.Энхтүвшин, Н.Алтанхуяг, Б.Дэлгэрсайхан, Д.Ганбат, Б.Энх-Амгалан нар асуулт асууж, дээрх УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулан үг хэлж, байр сууриа илэрхийлсэн юм. Дараа нь төслийг хэлэлцэхийг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 51 гишүүний олонх буюу 58.8 хувь нь хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн юм.
| УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжив | ||
| Үзсэн: 882 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.