Шууд Chart

Улаанбаатар хот суут хөгжмийн зохиолч Фредерик Шопений нэрэмжит гудамжтай боллоо

2021-11-19 16:34:50

НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар нийслэлийн өмчид барилга байгууламж, хөрөнгө бүртгэн авах, гудамж нэршүүлэх тухай хэлэлцэж, Тэргүүлэгчдийн хурлын тэмдэглэлээр өгсөн үүргийн биелэлтэй танилцсан юм.

Нийслэлийн өмчид сургууль, цэцэрлэг, цагдаагийн байгууллагын таван барилга болон ус түгээх таван байрыг бүртгэн авлаа. Тодруулбал, Багануур дүүргийн “Оюуны эрин” цогцолбор, Сонгинохайрхан дүүргийн 263 дугаар цэцэрлэгийн барилга, Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газрын барилга, тус дүүргийн 299, 25 дугаар  цэцэрлэгийн барилгыг нийслэлийн өмчид бүртгэн авлаа. Мөн Сонгинохайрхан дүүргийн 32, 33, 36 дугаар хороонд байрлах ус түгээх дөрвөн байр, Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороонд байрлах ус түгээх байрыг  нийслэлийн өмчид бүртгэв.

Түүнчлэн Улаанбаатар хотын зарим гудамжийг нэршүүлэв. Тухайлбал Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, Зайсангийн гудамжнаас зүүн тийш Хан хиллс хотхоны хойд талын авто замын тойрог хүртэлх гудамжийг Бүгд Найрамдах Польш Улсын  алдарт хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч Фредерик Шопений гудамж гэж нэрлэлээ. Мөн Баянзүрх дүүргийн Ж.Лхагвасүрэнгийн гудамжнаас зүүн тийш Рерихийн гудамжны төгсгөл, Г.Лувсанцэвээнийн гудамж хүртэлх гудамжийг судлаач, доктор Л.С.Соболевагийн гудамж хэмээн нэрлэв.

Хуралдааны үеэр “Марзан Шарав Хишигтэн” ТББ-аас санаачилсан “Марзан Шарав цогцолбор” төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай газрын асуудлыг Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас танилцууллаа. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай “Эдгээр байршлууд нь нийслэлийн Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө зэрэг урт хугацааны бодлогын бичиг баримтуудад аялал жуулчлалын бүсийн чиглэлээр тусгагдаагүй байна. Иймээс “Марзан Шарав цогцолбор”-ыг байгуулахдаа  Налайх дүүргийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулах нь зүйтэй. Уг цогцолборыг Тэрэлж болон Туул голын дагуу Чингисийн хүрээ орчим байгуулах саналтай байна” хэмээн онцолж байв. Иймд тус саналыг салбар яам руу уламжлахаар боллоо.


Улаанбаатар хот суут хөгжмийн зохиолч Фредерик Шопений нэрэмжит гудамжтай боллоо  
Үзсэн: 897 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй