
Өнгөрсөн долоо хоногт улс орны хэмжээнд болсон онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэе.
“Буянт Ухаа-2” орон сууцны хорооллын шав тавих ёслол өнгөрсөн долоо хоногт боллоо. Тус хорооллыг барих судалгаа, шинжилгээ, төлөвлөлтийн ажлыг гүйцэтгэж дууссан байна. Эхний ээлжинд 7500 айлын орон сууцыг барих юм. ТОСК-ийн удирдлагуудын өгсөн мэдээллээр 11 дүгээр сар гэхэд “Буянт-Ухаа 2” хорооллын эхний ээлжийн 2992 айлын орон сууцыг барьж дуусгах төлөвлөгөөтэй байгаа аж. Нийт 6912 айлын орон сууц, 280 хүүхдийн хоёр цэцэрлэг, 980 хүүхдийн Ерөнхий боловсролын сургууль, соёл, үйлчилгээний төв бүхий “Буянт-Ухаа 2” хороололд Чингис бондын хөрөнгөөс Хөгжлийн банкаар дамжуулан 100 сая долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөжээ.
Нийслэлийн 160 орчим мянган иргэнд долоон дүүргийн 52 байршилд 15 мянган га газрыг өмчлүүлэхээр төлөвлөлтийн ажлууд хийгдэж байгаа. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт уг төлөвлөлтийн ажил дуусаж, НИТХ-аар батлуулахад бэлэн болсон тухай Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга Ш.Төмөрбаатар тэргүүтэй холбогдох албаны хүмүүс мэдээлэл хийлээ. Төлөвлөгдсөн 52 байршил нь НИТХ-аас дэмжигдвэл олон нийтэд 14 хоногийн өмнө албан ёсоор мэдээлж, цахим программаар иргэдийн мэдээллийг хүлээж авна гэлээ. Анх 52 байршилд иргэнд газар өмчлүүлэх тухай асуудал яригдаж эхэлж байхад газрын хэмжээг 0.7 га гэж тооцоолж байсан ч олгогдох газрын талбайн хэмжээнээс хамаарч, 0.5 га болгон өөрчилсөн байна.
Японы мэргэжлийн сумо бөхийн 71 дэх аварга Сүхбаатар аймгийн уугуул Мангалжалавын Анандыг эх орондоо ирээд байхад нь Ерөнхий сайд Н.Алтанхуяг хүлээн авч уулзлаа. Тэрээр 2006 оны арваннэгдүгээр сарын башёгаас эхлэн дээд зиндаанд өрсөлдсөн бөгөөд Монголоос төрсөн сумогийн дөрөв дэх аварга болсон юм. Ерөнхий сайд түүнд Монгол Улсынхаа нэр хүнийг өндөрт өргөж, монгол бөхийн удмыг залгаж яваад баяр хүргээд улам сайн хичээж барилдахыг ерөөлөө.
НИТХ-ын ээлжит 17 дугаар хуралдаанаар нийслэлийн орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэн баталлаа. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДЭЭС уншина уу.
Өнгөрсөн долоо хоногт монголчуудын сэтгэлийг чилээсэн нэг үйл явдал болсон нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын иргэн Ө.Ундармаагийн элэг нэгтнүүддээ хандсан хэвлэлийн хурал байлаа. Сонсголын бэрхшээлтэй учир халамж, хүүхдийн мөнгөөрөө амьдралаа залгуулдаг эл эмэгтэйд аймгийн “Эх хүүхдийн эрсдэлийн сан”-аас 500 мянган төгрөг гаргуулж Нийслэл хотод амаржуулахаар явуулжээ. Тэрбээр Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд амаржин гурван ихэр хүүхэд төрүүлсэн байна. Нутаг буцах зардалгүй болоод элэг нэгт монголчууддаа хандаад байсан Ө.Ундармаад агаарын тээврийн “Хүннү-Эйр” компани нислэгийн зардлыг нь бүрэн хариуцаж орон нутагт нь хүргэхээр боллоо. Энэ эмэгтэйн амьдралын боломж нь цаашид гурван ихрийг эрүүл, аюулгүй орчинд өсгөх нөхцөлийг бүрдүүлж чадахгүйд хүрээд байгаа тул Ө.Ундармаад туслах тусламж үргэлжилж байна. Түүнд туслахыг хүссэн хүмүүс ХААН банкны 5890538605 дансанд хандив өргөх боломжтой юм.
“Давхар дээлээ” тайлсан Х.Баттулгын оронд хэн Засгийн газрын гишүүн болох нь вэ гэсэн таамаглал хэдэн долоо хоногийн турш үргэлжилсэн. Өнгөрөгч долоо хоногт энэ асуудлаар Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл хуралдлаа. Хуралдаанаар АН-ын Гүйцэтгэх зөвлөлийн гишүүд МОАХ фракцаас Х.Баттулгын оронд Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Түвдэндоржийг томилохоор санал нэгдсэн юм. Одоо Гүйцэтгэх зөвлөлөөс Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Түвдэндоржийг дэмжсэн тухай саналаа УИХ дахь АН-ын бүлэгт хүргүүлнэ. Хэрэв Гүйцэтгэх зөвлөлийн саналыг АН-ын бүлэг хүлээн зөвшөөрвөл УИХ-ын чуулган, байнгын хорооны хуралдаанаар энэ талаар хэлэлцэж ҮХАА-н сайдыг томилно.
Өнгөрөгч долоо хоногт МАН-ын дарга, УИХ-ын дэд дарга М.Энхболд, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт нар Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг огцруулах саналыг УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барилаа. УИХ дахь МАН-ын бүлгээс Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг хариуцлагагүй ажиллаж, бондын мөнгийг үр дүнгүй зарцуулсан, эдийн засгийн алдаатай бодлого явуулж төгрөгийн ханшийг 30 гаруй хувиар сулруулсан, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг 30-70 хувь өсгөхөд ч нөлөөлсөн гэж буруутгаж байгаа юм.
Ерөнхий сайд өнгөрсөн долоо хоногт "Цаашид бензиний үнэ өсөхгүй. Сая би ОХУ-д айлчлаад ирсэн. Энэ үеэр “Роснефть” болон “Ник” компанийн хооронд таван жилийн хугацаатай ашигтай гэрээ хийгдсэн. Тэгэхээр ойрын таван жилдээ манай улс бензинд санаа зоволтгүй. Энэ гэрээ хийгдсэнээр манай улс жилдээ 100 сая долларыг дотооддоо авч үлдэх боломжтой болсон" гэж мэдэгдлээ.
Манай улсын хувьд цаашид шатахууны үнийг тогтвортой барих асуудлаар ОХУ-тай шинэ түвшинд тохиролцоод байгаа. Тодруулбал, өнгөрсөн гуравдугаар сард “Роснефть” компанийн ерөнхийлөгч И.И.Сечин тэргүүтэй төлөөлөгчид манай улсад айлчлах үеэрээ төмөр замаар газрын тос тээвэрлэх зардал өндөр тул газрын тосны бүтээгдэхүүнийг хоолойгоор нийлүүлэх талаар урт хугацааны гэрээ байгуулан төсөл хэрэгжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн байдаг. ОХУ-ын Санкт-Петербург хотод зохиогдсон Олон улсын эдийн зас¬гийн форумын үеэр байгалийн хийн хоолойг нутаг дэвсгэрээрээ дам¬-жуулах асуудлаар Ерөнхий сайд Н.Алтанхуяг ОХУ-ын Ерөнхийлөгчтэй санал солилцоод иржээ. Уг форумын үеэр Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэн “Роснефть” компанийн ерөнхийлөгч Игорь Сечин нар Хамтын ажил¬ла¬гааны протоколд гарын үсэг зурсан байна. Хамтын ажил¬ла¬гааны протоколын дагуу ОХУ-ын “Роснефть” компани манай улсын “Магнай Трейд”, “НИК”, “Шунхлай” группүүдэд газрын тосны бүтээгдэхүүнээ Сингапурийн биржийн өртгөөр таван жилийн хугацаанд нийлүүлэх аж. Ингэснээр манай улс шатахууны хэрэглээний үнэн дүнгээсээ сард 7-10, жилд 120 сая ам.доллар хэмнэх эдийн засгийн судалгаа гарчээ. Уг хамтын ажил¬ла¬гааны протокол ирэх сарын 1-нээс 2019 оны тавдугаар сарын 31 хүртэлх хугацаанд хүчин төгөлдөр хэрэгжих юм байна.
“Оюутолгой" компани өнгөрсөн долоо хоногт туслан гүйцэтгэх ажилчдаасаа 300-г халлаа. Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос мэдээлэл хийж "Оюутолгой" компанийг буруутай гэж мэдэгдсэн. Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуягаас тодруулахад “"Оюутолгой" компанийн ТУЗ-ийн гишүүн Ч.Отгочулууг дуудаж уулзсан. "Оюутолгой" ХХК биш "Рио Тинто" өөрийн нөхцөл байдлыг хэцүү байна гэж үзээд нэг миллиард долларын хэмнэлт гаргахаар болсон байна. Тиймээс бүх улсад ажиллаж байгаа хүмүүсээс цомхотгож байгаа юм байна. Үүний хүрээнд "Оюутолгой" ХХК-иас 300 ажилтан халсан гэсэн мэдээлэл өгсөн” гэсэн тайлбарыг хийлээ.
Баянзүрхийн товчооноос Богд уулын араар Яармагийн гүүр хүртэлх 17.6 км авто замыг шинээр барих ажил он дамжин хэрэгжиж байгаа юм. Тус зам барилгын ажлын хүрээнд “ЭСТО” ХХК Зайсан толгойн зүүн талаас Их тэнгэрийн амны зүүн тал хүртэлх 2.2 км авто замыг энэ сарын 30-ны өдрөөс эхлэн зургаадугаар сарын 10 хүртэл хааж, хуучин асфальтбетон хучилтыг дахин боловсруулах, мөн замын суурь асфальтбетон хучилтыг дэвсэх ажлуудыг гүйцэтгэнэ. Энэ хугацаанд тус 2.2 км авто зам руу хоёр талаас нэвтрэх боломжгүй хаалттай байх юм. Учир нь Туул голын хөвөөгөөр түр зам гаргах боломжгүй аж. Иймд 10 хоногийн туршид Богд уулын арын замаар тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болохыг Нийслэлийн Авто замын газраас мэдээлээд байна.
Маргааш Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр тохионо. НЗДТГ-аас Чингисийн талбайд нэгдсэн байдлаар зохион байгуулах бол дүүрэг бүр өөр өөрсдийн сонгосон талбайд Хүүхдийн баярыг тэмдэглэх юм. Баярын хөтөлбөрийг ЭНДЭЭС унших боломжтой.
Монголынхоо мянга мянган хүүхэд багачуудад Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг хүргэе. Инээд хөөрөөр бялхан, үргэлж баяр баясалтай, аз жаргалаар дүүрэн байхыг ерөөе.
Энэ долоо хоногт MNB.MN онцлож байна | ||
Үзсэн: 3443 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.