![](/uploads/202112/news/thumb/452d7d44983ec34a057c2ee54142b5e0_x3.jpg)
Цагаачдыг хил дээр авчирсантай холбоотойгоор Европын холбооноос Беларусьт авах шинэ хориг өнөөдрөөс үйлчлэх гэж байна.
Европын холбооны гишүүн орнуудын байнгын төлөөлөгчид өчигдөр торгуулийн багц арга хэмжээг санал нэгтэйгээр баталсан юм. Одоо үүнийг Европын холбооны зөвлөлөөр батлах үлдээд байна. Хоригтой холбоотой гаргасан шийдвэрийг Европын холбооны сэтгүүлд өнөөдөр нийтэлнэ.
Беларусьт авч буй торгуулийн арга хэмжээнд 17 хүн, 11 компани багтжээ. Хоригийн жагсаалтад Беларусийн төрийн өмчит агаарын тээврийн “Белавиа” компани орсон нь хэвлэлүүдийн анхаарлыг татаж байна.
Тус компани цаашид Европын компаниудаас лизингээр онгоц авч ашиглаж чадахааргүй болно. Энэ нь “Белавиа” компанийг цаашид хямралын бүсээс Европын холбоог чиглэсэн хүмүүсийг Беларусь руу тээвэрлэхэд саад болох зорилготой. Түүнчлэн Беларусь руу цагаачдыг тээвэрлэж мөнгө олсон Сирийн агаарын тээврийн “Чэм Вингс” компани хоригт багтжээ.
Ойрх Дорнодын хэдэн мянган цагаач сүүлийн хэдэн долоо хоногийн турш Беларусийн хилээр дамжин Европын холбоо руу орохыг завдаж байгаа юм. Брюссель үүнд Беларусийн удирдагч Лукашенког буруутгаж байна. Европын орнуудын нөхцөл байдлыг тогтворгүй болгох зорилгоор цагаачдыг зориудаар авчирсан гэж үзжээ. Европын холбооны Беларусьтай хиллэдэг орнууд хилийн хэсэгтээ өргөст тор хатгасан байна. Сүүлийн өдрүүдэд Польш-Беларусийн хилийн нөхцөл байдал бага зэрэг тогтворжсон. Гэвч цөөн тооны цагаачид шөнийн цагаар Польшийн хилийг хууль бусаар давахыг оролдсоор байна.
Евро комиссын мэдээлснээр, Европын холбоонд он гарснаас хойш 8000 орчим цагаач Беларусиар дамжин нэвтэрчээ. Үүнээс 4300 нь Литваар, 3200 нь Польшоор, 400 гаруй нь Латвиар дамжин орж ирсэн гэжээ.
Беларусьт авах шинэ хориг өнөөдрөөс үйлчилнэ | ||
Үзсэн: 957 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.