
Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга М.Чинболдтой ярилцлаа.
-Сонгинохайрхан дүүрэг “Хотын соёл” гээд аян зохион байгуулсан гэж сонслоо. Энэ ямар учиртай аян юм бэ. Эндээс ярилцлагаа эхэлье?
-Бид жил бүр л бүтээн байгуулалтын ажил өрнүүлдэг шүү дээ. Цэцэг тариад л, гудамж талбай тохижуулаад л. Гэвч энэ ажил маань жил бүр л үр дүнгүй болдог. Ерөнхийдөө бол талаар болдог гэх үү дээ. Зүлгэн дээрээ туучаад гардаг, хийсэн хашаа хайсыг нь эвдэлчихдэг. Энэ бол нийтлэг дүр зураг. Хүмүүс нийтийн эзэмшил гэдэг юманд хүнийрхүү ханддагийн баталгаа энэ. Тиймээс энэ хандлагыг өөрчилье гэж байгаа юм. Дундын өмч гэдэг миний ч өмч, энэ маань гоё байвал надад л хэрэгтэй гэдэг байдлаар хүмүүсээ төлөвшүүлье гэж зорьсон. Цэвэрхэн хотод амьдрах юм бол хэнд ч гэсэн сайхан биз дээ. Тиймээс гадаа байгаа хогноос илүү хүмүүсийнхээ тархинд байгаа “хог”-ийг эхэлж цэвэрлэе. Өөрөөр хэлбэл, нэг талдаа бүтээн байгуулалтаа өрнүүлж, нөгөө талдаа хүнтэйгээ зайлшгүй ажиллах ёстой л гэсэн дүгнэлтэд хүрээд байна даа. Энэ дүгнэлтдээ үндэслээд би “Хотын соёл” гэсэн төсөл санаачлаад хэрэгжүүлж эхэлсэн юм.
-Хүмүүсийн тархин дахь “хог”-ийг цэвэрлэнэ гэхээр ямар ажлууд төлөвлөөд байгаа юм бэ?
-Энэ төсөл эхлээд бараг нэг сарын хугацаа болж байна. Манайхан олон л юм сэдэж, бүтээх гэж хичээж байгаа. Хүн бүртэй тулж ажиллая гэж зорьж ажиллаж байна. Жишээ нь, цэцэрлэгийн насны хүүхдүүдэд хогийг зөвхөн хогийн саванд хийдэг болгох дадал суулгаж эхэлсэн. Энгийн юм шиг боловч энэ бүхнээс л хотын соёл эхэлнэ шүү дээ. Мөн ахлах ангийн хүүхдүүдэд “хотын соёл” гэж юу вэ гэдэг сэдвээр хичээл орж байгаа. Би өөрөө зааж байна, бас урлаг соёлын оддыг ч урьж оролцуулж байгаа. Их үр дүнтэй юм билээ. Гавьяат жүжигчин Батцэцэг, “Хувьсал” продакшны Ганцэцэг, дуучин Чулуунцэцэг нараар хичээл заалгахаар хүүхдүүд сайн хүлээж авч байна. Тэрнээс гадна эссэ бичлэгийн уралдаан сурагчдын дунд зарласан. Ер нь л хотын соёл гэж юу вэ гэдгээр хүүхдүүд өөрсдөө бодлоо бичиж, бас суралцах нэг хэлбэр бол энэ. Бас папараци зургийн уралдаан зарласан. Хотын наад захын соёлгүй, жишээ нь гудамжинд бие засаад зогсч байгаа хүмүүсийн зургийг папараци хийгээд аваг. Facebook, twitter-ээр ёстой нөгөө эзэнд нь хүртэл түгээе. Ингэж бие биеэсээ хотын наад захын соёлыг шаардая л даа.
-Хуучин соёлын довтолгоо гэж явуулж байсан шиг “Соёлын шок” гэсэн арга хэмжээ эхлүүлсэн гэсэн. Яаж, хэнийг “шок”-нд оруулаад байна вэ?
-Хогоо цэвэрлэдэггүй, гадна орчноо тохижуулдаггүй аж ахуйн нэгжүүд байдаг шүү дээ. Тэдэнд захиргааны арга хэмжээтэй нь хамт “соёлын шок” гэдэг стикер нааж байгаа. Зөрчлөө арилгасных нь дараа тэрийг нь авдаг юм. Ийм байдлаар хүн бүрийг хариуцлагажуулж байгаа юм. Мөн зөвхөн өөрсдөө ингэх ёстой, тэгэх ёстой гэж тулгаад байх нь зохисгүй гээд санаачилгын туг аялуулж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, бүх албан байгууллага, аж ахуйн нэгж, сургууль цэцэрлэг гээд нэг байгууллага дээр 14 хоног туг байх юм. Тэр хугацаанд шинэлэг ажил зохион байгуулаад, хотын соёлын төлөө хувь нэмрээ оруулах юм л даа. Их үр дүнгээ өгч байгаа шүү. Дүүргийн шуурхай хурал дээр байгууллагууд ирж бусадтайгаа туршлагаа, санаачилгаа хуваалцаж байна.
Бас орон нутгаас орж ирж байгаа зам дагуу “Хотын соёл эндээс эхэлж байна” гэсэн самбар байрлуулсан. Удахгүй машины дугуй угаадаг төхөөрөмж тавина гэж төлөвлөж байгаа. Улаанбаатар руу орж ирэхдээ ядаж л машиныхаа дугуйг угаагаад, тоосыг нь арчаад орж ирдэг болъё гэсэн санаа. Иймэрхүү ажил зохиож байна даа.
-Улаанбаатар хотын аль ч дүүрэгт очсон хамгийн түвэгтэй асуудлын нэг нь хаягжилт байдаг шүү дээ. Ойлгомжгүй, төөрч будлиулах хаягжилтын тал дээр анхаарч байна уу?
-Яг үнэн. Манай дүүргийн нэг асуудал нь ч наадах чинь. Тиймээс хороо бүрийг зурагжуулж байгаа. Юу гэхээр, Сонгинохайрхан дүүргийн V хороо гэж энд байдаг гээд самбар тавьж байгаа. Ийм ийм хаягтай, энд нь ийм юм байдаг гээд хаягжилтыг тодорхой тавьчих юм. Бас орон сууцны барилгын хаягжилтыг гаднын өндөр хөгжилтэй орнуудынх шиг хийе. Нэг ёсондоо стандартад нийцсэн хаягжилттай болъё гээд зүтгэж байна.
-”Хотын соёл” аяны үр дүнг хэзээ дүгнэх вэ?
-Нэг зүйл тодруулж хэлэхэд, хотын соёлтой холбоотой арга хэмжээний нэг хэсэг нь “Архигүй баасан гариг” гэсэн хөтөлбөр хэрэгжиж байгаа юм. Үүнийг тодотгох ёстой байх. Энэ хүрээнд баасан гаригт үнэгүй шоу хийе гэж байгаа юм. Манай “Жаргалант” тосгоны Соёлын төвийн дэргэд хамтлаг байдаг. Тэднээрээ, бас урлагийн оддыг чадах чинээгээрээ урьж оролцуулаад тоглолт хийж байгаа. Залуусыг цагаа зөв өнгөрүүлэх боломжоор хангаж байгаа хэлбэр, энэ бол. Энэ мэт олон ажил хийж байгаа нь нэг талаар “хотын соёл”-ыг төлөвшүүлэх, нөгөө талдаа нийслэлийн 375 жилийг ойн арга хэмжээг угтаж хийгдэж байгаа ажил. Нийслэлийн 375 жилийн ой аравдугаар сарын 29-нд болно. Бид үүний өмнө буюу 25-нд нь ажлаа дүгнэж, хамгийн шилдэг байгууллагуудаа шагнаж урамшуулахаар тооцож байгаа.
-Тантай уулзсаных, Сонгинохайрхан дүүрэгтэй холбоотой зарим зүйлийг тодруулъя. Хамгийн их хүн амтай, хөдөөнөөс шилжин ирэгсэд ихтэй дүүргийн хувьд сургууль, цэцэрлэг ч гэдэг юм уу нийгмийн дэд бүтэц хэр сайн хөгжиж байна вэ. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юү?
-Хөдөөнөөс шилжин ирж буй хүмүүсийн олонхи нь Сонгинохайрхан дүүрэгт суурьшдаг. Нийслэлээ гээд зориод ирсэн тэр хүмүүсийн буруу гэж юу байхав. Угаасаа Үндсэн хуульд зааснаар хүн бүр хаана амьдрахаа өөрсдөө сонгодог шүү дээ. Харин тэр хүмүүсийг аятай, тухтай орчинд амьдруулах үүрэг хүлээгээд ажиллаж байгаа хүмүүс нь бид. Тиймээс тэр хүмүүстээ амьдрах наад захын дэд бүтцийг нь шийдэж өгөх ёстой. Гэрэл цахилгаан, ус, сургууль цэцэрлэг гээд. Энэ бүхнийг шийдэхийн төлөө бид явж байна. Сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ манай дүүрэгт үнэхээр муу байгаа. Нуулгүй хэлэхэд, би БШУ-ы яаманд шүүмжлэлтэй хандмаар санагддаг. Яагаад гэвэл, Баянхошуунд 67 дугаар сургууль гэж байдаг. Тэр сургууль дөрвөн ээлжээр хичээллэдэг. Ойр, орчимд нь өөр сургууль байхгүй учраас 3-4 км-ийн зайнаас хүүхдүүд хичээлдээ явдаг. Гэтэл ийм асуудлаа эхэлж шийдэхгүй байна. Салбарын яамны явуулж байгаа бодлогыг үнэхээр ойлгохгүй байгаа. Учир нь, 1000 хүрэхгүй хүн амтай суманд бараг 1000 хүүхдийн сургууль бариад байна шүү дээ. Тэнд байгаа хүмүүст сургууль хэрэгтэй юү гэвэл хэрэгтэй. Гэхдээ энд бас өчнөөн олон мянган хүүхэд сургуульгүй байна гэдгийг бодох ёстой. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулалтыг хүн байгаа газар руугаа, ядаж хүнийхээ тоог харгалзаж хиймээр л санагддаг. Гэвч юм болгоныг болохгүй гээд суугаад байж болохгүй биз. Нийслэлд нийт 80 бага сургууль барихаар төлөвлөөд байгаагийн 21 нь манай дүүрэгт баригдах юм. Бага сургууль, цэцэрлэг баригдаад эхлэхээр одоогийн сургуулиудын ачаалал ч багасаад явна. Энэ мэт нийгмийн дэд бүтцийг шийдэх гээд явж байна даа.
-2012 оны сонгуулиар АН, бас одоогийн хотын дарга Э.Бат-Үүл гэр хорооллын дахин төлөвлөлтийн талаар маш том амлалт өгсөн. Энэ хүрээнд танай дүүрэгт ямар ажлууд хийгдэж байна вэ. Сонгинохайрхан бол гэр хороолол ихтэй дүүрэг шүү дээ.
-Гэрт чинь дэд бүтэц аваачна гэдэг бол манай намын гол амлалт. Тиймээс ч энэ ажлыг эрчимтэй хийж байгаа. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн V, VI, VII, VIII, X, XI, XX, XXVIII хороонд дахин төлөвлөлтийн ажил хийгдэж байгаа. Иргэд газраа чөлөөлж өгье гэсэн. Энэ жилдээ газар шорооны ажил хийгээд явчихна. Дээр нь нийслэлийн төр захиргааны төв байгууллага маань Ханын материалд ирэх юм. Газрыг нь шийдчихсэн, одоо ажил эхлэх гээд явж байна. Өөрөөр хэлбэл, Сонгинохайрхан руу хөгжил ирж байгаа шүү. Бас нэг таатай мэдээ дуулгахад Баянхошууны Жанцан гэж автобусны буудал байдаг. Тэр буудлын ойр хавь хотын шинэ төв болно. Хөрөнгө оруулалт нь шийдэгдчихсэн, ажил нь эхлэх гэж байна. Ийм төлөвлөлт хийчихсэн явж байна.
М.Чинболд: Талбайн хогноос гадна тархины “хог”-ийг цэвэрлэх хэрэгтэй байна | ||
Үзсэн: 1667 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.