Шууд Chart

“Ургацын далай” нэвтрүүлгийн нэрэмжит “Алтан түрүү-2021”-ийн эзэд шагналаа гардлаа

2021-12-10 13:50:16

МҮОНРТ-ийн “Студи-150”-д Монголын газар тариалангийн түүхийг хагас зууны турш ботилсон сэтгүүл зүйн цор ганц бүтээл МҮОНР-ийн “Ургацын далай” нэвтрүүлэгийн нэрэмжит “Алтан түрүү-2021”-ийн эзэд шагналаа гардлаа. 

Тус арга хэмжээнд МҮОНРТ-ийн ерөнхий захирал А.Бүрэнбаатар, МҮОНР-ийн захирал Т.Бямбатогтох, тус радиогийн програмийн хэлтсийн дарга Д.Бат-Орших, Монголын тариаланчдын холбооны ерөнхийлөгч Ц.Ренчинсэнгээ, Монголын тариаланчдын холбооны удирдах зөвлөлийн гишүүн, “Ургацын далай” нэвтрүүлгийн нэрэмжит “Алтан түрүү” шагналыг ес дэх жилдээ ивээн тэтгэж, хамтран ажиллаж буй “Агро трак” компаний захирал Ч.Сүхцэрэн, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, хэл бичгийн ухааны доктор “Ургацын далай” нэвтрүүлгийн ахмад сэтгүүлч Л.Мөнхтөр,  ХХААХҮЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун нарын зэрэг эрхэм хүрэлцэн ирсэн байлаа.

“Алтан түрүү” шагналыг шилдэг менежер, агрономич, механикжуулагч, тариаланч, ногоочин гэсэн таван төрлөөр олгодог бөгөөд одоогоор 50 орчим хөдөлмөрч тодроод байгаа аж.

Тодруулбал, 1987 онд буюу анхны шагналыг тухайн жилдээ хамгийн их ургац авсан Сангийн аж ахуйн агрономичид олгож байхаар шийдвэрлэсэн байдаг. Ийнхүү анхны “Алтан түрүү” шагналыг Сэлэнгэ аймгийн Найрамдлын сангийн аж ахуйн агрономич С.Хундмаа хүртсэн түүхтэй. Хожим тэрбээр Монгол Улсын гавьяат агрономич болсон.

Ургацын далай нэвтрүүлэг “Алтан түрүү” шагналыг 2010 оноос эхлэн жил бүр Газар тариалангийн салбарт техникийн шинэчлэл хийсэн, үр сортоо чанаржуулсан, өндөр ургац авсан, аж ахуйн нэгжээ сайн удирдсан зэрэг үзүүлэлтээр олгоод буй.

Энэ жилийн хувьд Ховд аймгийн Булган сумын харьяат, ахмад тариаланч С.Бааст,  Төв аймгийн Цээл сум, “Шинэ залуучууд” компанийн тариаланч Б.Шагдаржав, Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат, “Хөхийн шим“ компанийн тариаланч Л.Батням, Булган аймгийн Хишиг-Өндөр сумын харьяат, “Баярт тал агро” компанийн ерөнхий агрономч, Монгол Улсын зөвлөх агрономч В.Батсүх, Төв аймгийн Сүмбэр сумын тариаланч Ч.Олзвой нар шалгарлаа. Ч.Олзвой хүндэтгэх шалтгааны улмаас хүрэлцэн ирж амжаагүй тул түүний хүүд гардуулсан юм.

Ийнхүү тус эрхмүүдийн ажлын үзүүлэлтийг дараах байдлаар хүргье.

БАТМӨНХИЙН ШАГДАРЖАВ.

Төв аймгийн Цээл сум, “ Шинэ залуучууд” ХХК-ны тариаланч. Тариаланч Шагдаржав 2012 оноос өнөөдрийг хүртэл  Монголын газар тариалангийн салбарт тууштай ажиллаж байна. Ажиллах хугацаандаа га талбайгаас авах ургацын хэмжээг нэмэгдүүлэх, техникийн шинэчлэлийг тогтмол хийж ажлын үр бүтээмжийг өсөн нэмэгдүүлж байна.21 онд уринш бэлтгэлийг цаг хугацаанд нь чанартай сайн бэлтгэсэний үр дүнд улаан буудай тариалсан усалгаагүй талбайгаас дунджаар 41-42 центнер зарим талбайгаас нэг га-гаас 56-60 хүртлэх центнер ургац авсан арвин их ургацын жил байлаа.

Төв аймгийн Цээл сумын тариаланч Шагдаржав нь газар тариалангийн салбарт ажиллах хугацаандаа... 2013 онд Төв аймгийн Аварга тариаланч хамт олон, 2016 онд Улсын аварга тариаланч хамт олон, 2019 онд Улсын аварга тариаланч хамт олон болж ажил хөдөлмөрөө үнэлүүлсэн бол 2021 онд улсын хошой аварга  тариаланч Батмөнхийн Шагдаржав  Монголын үндэсний радиогийн “ Ургацын далай” нэвтрүүлгийн нэрэмжит “ Алтан түрүү” шагналын эзэн болж байна.

ЛОВОНГИЙН БАТНЯМ. 

Увс аймгийН Баруунтуруун сумын “ Хөхийн шим” компаний тариаланч.  2008 оноос газар тариалангийн салбарт ажиллаж, монгол улсын стратегийн ач холбогдол бүхий хүнсний гол бүтээгдэхүүн болох улаан буудайн үйлдвэрлэлд хувь нэмрээ оруулж явна аа.

Энэ хугацаанд тариалангийн талбайн хөрсний элэгдлийг бууруулах чиглэлд анхаарч,  га-гаас авах ургацын хэмжээг жил ирэх бүр нэмэгдүүлж, орчин цагийн өндөр бүтээмжтэй техник тоног төхөөрөмжийг нэвтрүүлсний үр дүнд 2021 онд  550 гаруй га усалгаагүй талбайд  улаан буудай тариалж га-гаас 20 хүртлэх центнер, зарим талбайгаас 23 центнер ургац хурааж авсан байна.

Тариаланч Ловонгийн Батням сүүлийн гурван жилд техник  парк шинэчлэлд 1 тэр бум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ.

2017 онд Аймгийн аварга тариаланч болж байсан. Харин 2021 онд   залуу тариаланч Батням Монголын үндэсний радиогийн “ Ургацын далай” нэвтрүүлгийн нэрэмжит “ Алтан түрүү” шагналын эзэн болж байна.            

ЧОЙЖИЛСҮРЭНГИЙН ОЛЗВОЙ.

Төв аймгийн Сүмбэр сум “ Тэрэм хайрхан” компаний тариаланч.

Тариаланч Чойжилсүрэнгийн Олзвой нь газар тариалангийн салбарт тасралтгүй 25 жил ажиллаж байна. Энэ хугацаанд тариа тарих, хураах, үрлэн боловсруулах бүрэн техник тоног төхөөрөмжөөр аж ахуйгаа бэхжүүлжээ. Тариалалт, уринш боловсруулалт, хураалтын үеийн технологийн горимыг чанд мөрдөж, усалгаагүй талбайгаас авах ургацын хэмжээг жил бүр 25-30 центнерт хүргэн ажиллаж байна.

Чойжилсүрэнгийн Олзвой нь 2021 оны намрын ургац хураалтаар нийт 300 га талбайгаас 700 тонн улаан буудай хураан авч га тутмын ургац 24 центнерт хүрсэн байна. Мөн нийгмийн хариуцлагын хүрээнд сум нутагтаа ажлын байр бий болгож, өрхийн орлогыг нэмэгдүүлж, 24 хүнийг тогтвортой байнгын ажилтай болгосон байна. Газар тариалангийн салбарт олон жил ажиллахдаа орон нутагтаа өөрийн онцлог бүхий агротехнологийг боловруулж, жилд авах ургацын хэмжээг нэмэгдүүлсээр байна.

ВАНЧИНДОРЖИЙН БАТСҮХ

Булган аймгийн Хишиг-Өндөр сумын “ Баярт тал агро” компаний ерөнхий агрономч, Монгол улсын зөвлөх агрономч Ванчиндоржийн Батсүх.       1972 оноос ХАА-н шинжлэх ухаан, газар тариалангийн салбарт 40 гаруй жил тасралтгүй ажиллаж байна.

Ажиллах хугацаандаа Үр тарианы ээлжлэн тариалалт, агротехнологи, хөрс хамгаалал, говийн тариалангийн  судалгааны  ажил хийж, арга зүйг  боловсронгуй  болгох, судалгааны дүнг үйлдвэрлэлд хэрэгжүүлэх ажилд хүчээ зориулсан. Нийт 6 ном сурах бичиг, 11 шинэ бүтээл, 140 гаруй  эрдэм шинжилгээний өгүүлэл бичиж  гадаад, дотоодын хэвлэлд нийтлүүлсэн байна.

Мөн Сэлэнгэ, Булган аймгийн тариалан эрхлэх системийг боловсруулсан. 2010 оноос өнөөдрийг хүртэл  Булган  аймгийн Баярт тал Агро ХХК, Төв аймгийн Соёмбо түрүү ХХКомпаний зөвлөх Агрономчоор ажиллаж байна.

Батсүх нь атрын II, III аяны үйл ажиллагаанд биечлэн оролцож тариалангийн бодлогыг хэрэгжүүлсэн атрын ахмад тариаланчдын нэг юм.

Сүүлийн 16 жил хөдөө аж ахуйн дээд боловсролтой  мэргэжилтэн бэлтгэхэд өөрийн мэдлэг оюунаа зориулж 200 орчим агроном, агрофермерийн мэргэжилтэн бэлтгэн төгсгөж, бакалавар 20 гаруй ажлыг удирдаж хамгаалуулсан байна.

Монгол улсын зөвлөх агрономч  Үр тарианы эрчимжсэн технологи зэрэг 8 технологи хамтран боловсруулж үйлдвэрлэлд хэрэгжүүлсэн.

СОДОВЫН БААСТ

Хөдөө аж ахуйн салбарт 25 жил ажиллаж,  Ховд аймгийн Булган суманд 60 орчим га Төмс хүнсний ногоо, хөх тариа,  жимс  жимсгэний мод үржүүлж,  тариалж байна. Үхрийн нүд, Чацаргана, Давжаа алим, Том алим,  Интоор, чавга (слив) зэрэг жимс жимсгэнэ тариалдаг. 2021 онд  5 тонн хүнсний ногоо,  10-15 тонн жимс жимсгэнэ хураан авч хэрэглэгчдэд нийлүүлсэн байна.

Мөн жигд модноос эхлээд олон зүйл, сорт шинээр авчирч туршиж, ургуулж, зарим модноос 10 шуудай буюу 300-400 кг хүртэл давжаа алим хурааж байна.

Ахмад тариаланч Бааст Үйлдвэр байгуулах. Компот, вино гээд олон зүйл хийж туршиж байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Ургацын далай” нэвтрүүлгийн нэрэмжит “Алтан түрүү-2021”-ийн эзэд шагналаа гардлаа  
Үзсэн: 1684 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй