Шууд Chart

С.Чинзориг хүсэлт гаргажээ

2014-06-02 13:22:16

С.Чинзориг хүсэлт гаргажээ. Хүсэлтийг бүрэн эхээр нь хүргэе.

УИХ-ЫН  ӨРГӨДЛИЙН БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА,
 НЭГДСЭН СОНГУУЛИЙН ХУУЛИЙН ТӨСЛИЙГ БОЛОВСРУУЛАХ
 АЖЛЫН ХЭСГИЙН АХЛАГЧ Р.БУРМАА ТАНАА
 

2014 оны 5 дугаар сарын 28       

                                                                                                                         Хүсэлт гаргах нь:


         УИХ-ын 2012 оны сонгуулиар Өвөрхангай аймгийн 10-р тойрогт С.Чинзориг, Н.Төмөрхүү нар МАН-аас нэр дэвшиж санал тоолох автомат машины тоолсноор сонгогчдын 43-48 хувийн санал авч ялалт байгуулсан. Сонгуулийн 10-р тойргын хороо үүнийг баталгаажуулан УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцсон тогтоол гаргаж УИХ-ын гишүүний түр үнэмлэхийг олгосон болно.

         Гэвч шүүхийн байгууллагуудын шийдвэр, түүнийг үндэс болгосон Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэрээр ялагдсан Г.Батхүү, Д.Зоригт нар УИХ-ын гишүүн болж иргэдийн сонгох эрх, С.Чинзориг Н.Төмөрхүү бидний сонгогдох эрхийг зөрчсөнийг та мэдэж байгаа билээ.

         Г.Батхүү, Д.Зоригт нарын нэхэмжлэлийг Хан-Уул дүүргийн шүүх хүлээн авч нэг хоногийн дотор шийдвэрлэхдээ “С.Чинзориг, Н.Төмөрхүү нар насанд хүрээгүй хоёр хүүхдийг сонгуулийн сурталчилгаанд татан оролцуулсан болохыг тогтоосугай” гэсэн захирамж гаргасан байдаг.

         Нийслэлийн шүүхэд давж заалдахад “Шүүх өөрөө нотолж тогтоох эрхгүй байгууллага, эрх нь хөндөгдөж байгаа С.Чинзориг, Н.Төмөрхүү хоёрт мэдэгдэлгүйгээр шийдвэр гаргасан нь шүүхийн буруу гэж Хан-Уул дүүргийн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон.

         Харамсалтай нь Нийслэлийн шүүх дээр давж заалдаж байх цаг хугацаанд Г.Батхүү, Д.Зоригт нарын “С.Чинзориг, Н.Төмөрхүү нарын түр үнэмлэхийг хүчингүй болгож өгнө үү” гэсэн гомдлыг Өвөрхангайн шүүх хүлээн авч хэрэг үүсгэсэн байдаг. Хуулиар нэг шатны шүүхэд асуудлыг хэлэлцэж байхад бусад шүүх асуудлыг хэлэлцдэггүй журмыг зөрчин С.Чинзориг, Н.Төмөрхүү нарыг шүүх
хуралдаанд оролцуулах шаардлагагүй гэсэн захирамж гарган түр үнэмлэхүүдийг хүчингүй болгохыг тойргийн хороо хүлээн зөвшөөрсөн гэсэн шийдвэр гаргасан. Шүүх асуудлыг шийдвэрлэхдээ хуулиа зөрчин хялбаршуулсан журмаар шийдсэн байдаг. Өвөрхангай аймгийн шүүхийн шийдвэрийг давж заалдах гэтэл “Давж заалдах эрхгүй” гээд хүчээр асуудлыг шийдвэрлэсэн юм.

          Хамгийн эмгэнэлтэй нь шүүх асуудлыг шийдэхдээ  буруутгагдаж буй С.Чинзориг, Н.Төмөрхүү нарыг шүүх хуралд оролцуулахгүйгээр нэхэмжлэгч талд шийдвэрээ гаргасанд байгаа юм.

    Энэ нь хүн бүрийн хуулийн өмнө эрх тэгш байх, шүүх маргааныг  мэтгэлцээний журмаар шийдэх зарчмуудыг алдагдуулж хүний эрхийг ноцтой зөрчсөн болно.

    Шүүх асуудлыг шийдэхдээ С.Чинзориг, Н.Төмөрхүү нарыг хариуцагчаар, гуравдагч этгээдээр оролцох болон давж заалдах эрхийг олгоогүй нь хачирхалтай байдаг.

           Өвөрхангай аймгийн сонгогчид шүүхийн эдгээр шударга бус шийдвэрүүдийг эсэргүүцэн “Сонгогчдын эрх ашгийг хамгаалах” ТББ байгуулан 23000 хүний гарын үсэг цуглуулан эсэргүүцлээ илэрхийлсэн боловч шүүхийн байгууллага, Сонгуулийн ерөнхий хороо шийдвэрүүдээ өөрчлөлгүй байсаар Г.Батхүү, Д.Зоригт нар УИХ-ын гишүүний тангараг өргөсөн нь Ардчиллын 23 жилийн түүхэнд сонгогчдын саналыг шүүхээр далайлган засвар хийсэн анхны тохиолдол болж шудрага ёс алдагдаж, Үндсэн хуулийн гол зарчим болох Иргэдийн сонгох, сонгогдох эрх ноцтойгоор зөрчигдсөн жишээ болов.

            УИХ-ын 2012 оны сонгууль холимог тогтолцоогоор явагдсан. Холимог тогтолцоо гэдэг нь нам ч, С.Чинзориг, Н.Төмөрхүү нар ч бүгд нэр дэвшигч, хоёр хүүхэд сонгуулийн сурталчилгаанд оролцсон юм бол хэн оролцуулав гэдгийг тогтоох ёстой. Нам ажиллуулсан бол нам, нэр дэвшигч ажиллуулсан бол нэр дэвшигч хариуцлага хүлээх ёстой.

            Мөн энд яригдах нэг асуудал нь насанд хүрээгүй хүүхэд сурталчилгаанд оролцуулсаныг хэн шалгаж тогтоох нь хуульд тусгагдаагүй байдаг.Тойргын хороо Сонгуулийн хуулийн биелэлтийг хянан шалгах эрхтэй ч насанд хүрээгүй 2 хүүхдийн асуудлаар тогтоол гаргаагүй аймгийн МАН-ын хороонд бичиг явуулсан байдаг. Үүнийг шалтаг болгож Г.Батхүү, Д.Зоригт нар асуудлыг хүчээр өөрсдийн талд ашигтайгаар шийдвэрлүүлсэн болно.

            Шүүхийн шийдвэрийг үндэслэн СЕХ, бид нарт олгосон түр үнэмлэхийг хүчингүй болгож Г.Батхүү, Д.Зоригт нарыг тангараг өргүүлэхээр УИХ-д өргөн мэдүүлсэн болно. Сонгуулийн тухай хуулиар тойргын хороо санал хураалтын эцсийн дүнг гаргаж сонгогчдын хамгийн олон гэхдээ 28 ба түүнээс дээш хувийн санал авсан мандатын тоотой тэнцүү тооны нэр дэвшигчийг УИХ-ын гишүүнээр шууд сонгогдсонд тооцох шийдвэр гаргах түр үнэмлэх олгохоор хуульчлагдсан байна.

            СЕХ-нд Тойргын хорооноос гаргасан УИХ-ын гишүүнээр сонгогчдын нэрсийн жагсаалтанд өөрчлөлт оруулах улмаар хамгийн олон санал авсан нэр дэвшигчдийн дараагийн санал авсан нэр дэвшигчдийг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцох эрх олгогдоогүй болно.
    Өвөрхангай аймгийн сонгуулийн маргааныг шийдвэрлэсэн байдал нь хуулийг гуйвуулсан  шүүх хэт нэг талыг барин асуудлыг шийдвэрлэсэн нь иргэдийн сонгох, сонгогдох эрхийг уландаа гишгэсэн луйвар болсон болно.

    Одоо энэ асуудлыг хүлээн авч хянан үздэг байгууллага албан тушаалтан үгүй болж бүгд бие бие рүүгээ асуудлыг түлхэх байдал руу шилжсэн байгаа. Энэ бол иргэн С.Чинзориг, Н.Төмөрхүү нарын асуудал биш Үндсэн хууль болоод бусад хууль тогтоомжийг хэрэглэхтэй холбоотой зарчмын асуудал гэдгийг Та ойлгож байгаа биз ээ.

              Өвөрхангай аймгийн сонгуулийн маргааныг шийдвэрлэхдээ СЕХ хуулийг гуйвуулсан, мөн шүүх биднийг буруутгасан атлаа хариуцагч, гуравдагч этгээдээр оролцох, давж заалдах эрх олгосон эсэхийг судалж энэ мэт маргааныг дахин давтан  гаргахгүй байх талаас нь асуудлыг хэлэлцэж үзэх нь Монгол улсад иргэний сонгох, сонгогдох эрхийг хангахад ихээхэн ач холбогдолтой гэж үзэж байна.
 
               Иймд дээрх сонгуулийн маргааныг шийдвэрлэсэн асуудлыг УИХ-ын тухай хуулийн 19.2.7; 19.4.1; 19.4.2-ийг үндэслэн байнгын хорооны хуралдаанаар нээлттэй хэлэлцэж өгнө үү.

                Асуудлыг олон талаас нь нухацтай ярилцан нэгдсэн ойлголт дүгнэлтэнд хүрэх нь таны ахалж буй Сонгуулийн тухай хуулийг өөрчлөх, боловсронгуй болгох ажлын хэсгийн ажилд ч тустай гэж үзэж байна. Монгол улсад сонгуулийн ардчиллыг тогтооход ч чухал ач холбогдлоо өгнө гэж үзэж байна.
       
                      Хүсэлт гаргасан                                     С.Чинзориг
                                                                                         Н.Төмөрхүү
    Сонгогчдын эрх ашгийг хамгаалах
    түр хорооны гишүүн иргэн                                    Н.Нямсүрэн


 

Нийтэлсэн: Ж.Тагтаа

С.Чинзориг хүсэлт гаргажээ  
Үзсэн: 1114 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй