Шууд Chart

УИХ: Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

2021-12-16 15:52:43

УИХ-ын 2021 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2021.12.16/ нэгдсэн хуралдаанаар Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж, энэ талаарх Эдийн засгийн болон Инновац, цахим бодлогын хороодын хамтарсан хуралдааны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал танилцууллаа.

Засгийн газраас энэ оны тавдугаар сарын 12-ны өдөр өргөн мэдүүлсэн Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын чуулганы арваннэгдүгээр сарын 18-ны өдрийн хуралдаанаар хийж, төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн болон Инновац, цахим бодлогын байнгын хороонд шилжүүлсэн. Энэ дагуу Эдийн засгийн байнгын хороо, Инновац, цахим бодлогын байнгын хорооны энэ сарын 14-ний өдрийн хамтарсан хуралдаанаар төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулсан байна.

Хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэг төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхдээ чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан зарчмын зөрүүтэй саналуудыг төсөлд бүрэн тусгаж, эцсийн хувилбарыг бэлтгэжээ. Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчээр бүртгэснийг тухайн виртуал хөрөнгөд өгч байгаа баталгаа гэж үзэхгүй бөгөөд виртуал хөрөнгийн үйлчилгээнд хамаарах үйл ажиллагааны үр дүнд үүссэн хохирлыг төр хариуцахгүй байх зэрэг чуулганы нэгдсэн хуралдаанаар дэмжигдсэн зарчмын саналуудыг төсөлд нэг бүрчлэн тусгасныг Байнгын хороодын танилцуулгад дурджээ. Танилцуулгатай холбогдуулан гишүүдээс асуулт гараагүй бөгөөд хуулийн төслүүдийг эцэслэн батлуулах бэлтгэлийг хангуулахаар шилжүүлэв.

Үргэлжлүүлэн Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулж Байнгын хороодын хамтарсан хуралдаанаар хэлэлцэж дэмжсэн Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зар сурталчилгааны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд болон “Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан юм.

Байнгын хороод хууль тогтооижийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй тул төслүүдийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын санал гаргаж дэмжжээ. Байнгын хороодын санал, дүгнэлттэй холбогдуулан нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд гишүүдийн олонх нь төслүүдийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын саналыг дэмжиж, төслүүдийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар шилжүүллээ.

Дараа нь Засгийн газраас энэ оны аравдугаар сарын 06-ны өдөр өргөн мэдүүлсэн Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж, энэ талаарх Эдийн засгийн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр танилцуулав. Уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы энэ сарын 02-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хийж, төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн. Байнгын хороо энэ сарын 14-ний өдрийн хуралдаанаараа төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхдээ нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр дэмжигдсэн санал нэг бүрийг төсөлд нэмж тусган хуулийн төслийн агуулгыг хөндөхгүйгээр найруулга болон техникийн шинжтэй зарим засварыг хийжээ.

Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан гишүүдээс асуулт гараагүй бөгөөд төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв.


УИХ: Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ  
Үзсэн: 645 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй