Шууд Chart

Спортын салбарт болсон онцлох 10 үйл явдал

2021-12-22 14:29:00

Спортын салбарт 2021 онд Монгол тамирчдын үзүүлсэн онцлох үйл явдлыг манай сайтын зүгээс уншигч танаа хүргэж байна. Тус үйл явдлыг эргэн сануулах үүднээс дараах байдлаар танилцууллаа.


  1. “Токио-2020” олимп 2021 онд болов

Япон Улсын нийслэл Токио хотын Үндэсний шинэ цэнгэлдэх хүрээлэнд Зуны XXXII олимпын наадмын нээлтийн ёслол 2020 онд болох байсан ч “Ковид-19” цар тахлын улмаас 2021 оны долоодугаар сарын 23-ны 19:00 цагт (Улаанбаатарын цагаар) эхэлж, амжилттай өндөрлөв. Нээлтийн үеэр Олон улсын олимпын хорооны ерөнхийлөгч Томас Бах, Японы Цог жавхлант эзэн хаан Нарүхито тэргүүтэй эрхмүүд коронавирусний халдварын улмаас амиа алдсан олон мянган хүний ар гэрт хүндэтгэл үзүүлэн нэг минут чимээгүй зогссон юм. Дэлхий даяар цар тахлыг ялж, даван гарахын төлөө хийж байгаа олимпын наадам гэдгээрээ “Токио-2020” түүхэн онцлогтой болов.


  1. Хөдөлмөрийн баатар М.Уранцэцэг Геннист бүртгэгдлээ

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, жүдо бөхийн дэлхийн шилдэг тамирчин М.Уранцэцэг IJF World Tour тэмцээнүүдэд хамгийн олон медаль хүртсэн амжилтаараа дэлхийн дээд амжилт Гиннесийн рекордыг эзэмшив. Тэрбээр 2010 оны арванхоёрдугаар сарын 17-оос 2019 оны дөрөвдүгээр сарын 5-ны хооронд зохион байгуулагдсан IJF World Tour тэмцээнд нийт 35 медаль буюу 11 алт, 11 мөнгө, 13 хүрэл медаль хүртжээ. Мөн Олон улсын жүдо бөхийн холбооноос Германы “Их дуулга” тэмцээний дараа бөхчүүдийн шинэчилсэн чансаанд 48 кг-ын жинг 6218 оноогоор тэргүүлсэн юм.


  1. М.Даваажаргал ба Г.Ган-Эрдэнэ

Мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал өнгөрсөн есдүгээр сарын 27-нд зодог тайлж буйгаа олон нийтэд зарласан. Тэрбээр баруун өвдөгний бэртэл болон коронавирусний халдвар авсны улмаас зургаан тэмцээн өнжиж, өнгөрсөн долдугаар сард Нагояа тэмцээнд ялалт байгуулсан ч бэртэл нь сэдэрсэн тул тийнхүү зодог тайлахаар шийдсэн билээ. Алдарт бөх эзэн хааны цомыг 45 удаа гардаж, 1187 удаа ялалт байгуулав. Мөн Геннисийн долоон дээд амжилтыг байгуулсан юм.

Түүнчлэн Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 2021 оны зургаан башёгийн дөрөвт нь түрүүлсэн бөгөөд их аварга (ёкозүна) цолтой хоёр дахь удаагаа Японы Эзэн хааны цомыг хүртсэн юм. Мөн Монголоос тодорсон тав дахь их аварга болов.


  1. Хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ, гавьяат тамирчин М.Анхцэцэг

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ “Токио-2020” олимпын наадмын паралимпын пауэрлифтингийн 107 кг-д бяр чадлаа сорин 245 кг өргөн алтан медаль хүртсэн юм. Үүгээр ч зогсохгүй паралимпын рекордыг шинэчлэн тогтоов. Хэдхэн хоногийн өмнө болсон паралимпийн ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн.

Дахиад нэг онцлох хүн бол Монгол Улсын гавьяат тамирчин М.Анхцэцэг. Тэрбээр Узбекистан Улсын нийслэл Ташкент хотноо саяхан болж өндөрлөсөн хүндийг өргөлтийн ДАШТ-ээс Монголын хүндийн өргөлтийн спортын түүхэнд тодоор бичигдэх бахархам амжилтыг дархлан үлдээв. Эмэгтэйчүүдийн 87 кг-ын жинд өрсөлдөхдөө огцомоор 109 кг-ыг өргөж, дэд байрт бичигдэж, түлхэлттэйгээр 141 кг-ыг амжилттай өргөснөөр арын өрсөлдөгчөөсөө зургаан кг-аар илүү гарч, алтан медалийн эзэн болов. М.Анхцэцэг хэдхэн сарын өмнө болсон Токиогийн олимпын наадмаас шагналт байрт шалгараад байсан билээ.


  1. Үндэсний их баяр наадам

Хүйн долоон худагт улс, аймгийн алдар цолтой 512 бөхийн барилдаан өнгөрсөн наймдугаар сарын 16, 17-нд  болж, улсын харцага Б.Бат-Өлзий түрүүлж, аймгийн арслан Э.Ууганбаяр үзүүрлэсэн юм.  Тус барилдааныг Монгол Улсад залуучуудын байгууллага үүсч хөгжсөний 100, Монголын Үндэсний бөхийн холбооны 30, Монгол бөхийг дэлхийн дээд амжилт Гиннест бүртгүүлсний 10 жилийн ойд зориулан зохион байгуулсан юм.

Их шөвөгт улсын өсөх идэр начин Ч.Батчулуун, аймгийн арслан Т.Довчинсэмбээ нар шалгарсан билээ. Уг барилдааны өмнө цол олгоно гэж яригдаж байсан ч одоо болтол чимээгүй л байна.


  1. Э.Оюунболд ба допинг

Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүлэгчдийн ээлжит хурал энэ сарын 6-нд Монгол бөхийн өргөөнд болов. Уг хурлаар олон асуудал яригдсаны нэг нь Монгол Улсын аварга цол хүртээд байсан Э.Оюунболдын барилдах эрхийг найман жилээр хасч, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар аварга цолыг хураах шийдвэр байлаа. Тэрбээр 2019 оны баяр наадамд допинг хэрэглэсэн нь тогтоогдсон. Тэгвэл энэ жил Хүйн долоон худагт болсон 512 бөхийн барилдаанд зодоглохдоо мөн хэрэглэсэн байдаг. Тиймээс Үндэсний бөхийн барилдааны дүрмийн 7.3-д заасны дагуу давтан допингийн зөрчил гаргасан гэх үндэслэлээр дээрх шийдвэрийг гаргав. Мөн энэ жилийн барилдааны үеэр допингийн зөрчил гаргасан аймгийн арслан Н.Батсайхан, Б.Хадбаатар, аймгийн заан Б.Уртнасан нарын барилдах эрхийг дөрвөн жилээр хаслаа.


  1. Э.Цэндбаатар сонирхогчийн боксоос мэргэжлийн тулаан руу

Сонирхогчийн боксын ДАШТ-ний хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатар “Токио-2020” олимпын наадмын хүрэл медалийн төлөө ОХУ-ын тамирчин Алберт Батыргазиевтай нударга зөрүүлж ялагдсан. Тэмцээний дараа тэрбээр “Энэ наадамд шүүгчийн үнэлгээгээр ялагдсандаа харамсаж байна. Шүүгчид тамирчдын хувь заяаг ингэж булхайгаар шийддэгт нь үнэхээр урам хугарлаа. Би 13 жил энэ спортоор хичээллэсэн. Миний дараагийн зорилго 2021 оны ДАШТ. Тэр миний сонирхогчийн боксоор өрсөлдөх сүүлчийн тулаан байх болно. Үүний дараа мэргэжлийн боксоор өрсөлдөнө” гэж байв. Гэвч ДАШТ-нд өрсөлдөх сонгон шалгаруулалтаа О.Тулгатай хийх байсан ч тодорхой шалтгааны улмаас рингэнд гараагүй. Харин мэргэжлийн тулааныхаа анхны тэмцээнээ энэ сарын 24-нд ОХУ-ын нийслэл Москва хотод эзэн орны тамирчинтай хийнэ.  


  1. 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй баг анх удаа олимпын наадамд

“Токио 2020” олимпын наадмын сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн 3х3 төрөлд Монгол Улс анх удаа эрх авсан бөгөөд олимпод бэлтгэх шигшээ багийг найман хүний бүрэлдэхүүнтэйгээр 2019 оны эцсээр байгуулсан билээ. “Ковид-19” цар тахлын хүндрэлийн зарим үед бэлтгэл тасарсан ч өөрсдийн бүх нөхцөл бололцоогоо дайчлан бэлтгэл сургуулилтаа хангасаар байв. Олимпын наадамд оролцох тамирчдыг сонгон шалгаруулах 3х3 холбооны журам нь тухайн тамирчны бэлтгэлийн ирц, бэлтгэл бүрийн статистик үзүүлэлт, бэртэл гэмтэл, сэтгэл зүйн сорилууд, тоглолтын системийн сурц, сорил тэмцээнд хэрхэн тоглосон зэрэг тоон үзүүлэлтэд тулгуурлан шигшээ багийн зургаан дасгалжуулагч, холбооны удирдлагуудын саналыг үндэслэн сонгон шалгаруулахаар заасан байдаг. “Токио 2020” олимпын наадамд эх орноо төлөөлөн оролцсон Монголын шигшээ багийн бүрэлдэхүүнд:

  1. Баясгалангийн Солонго
  2. Энхтайваны Чимэддолгор
  3. Мөнхсайханы Цэрэнлхам
  4. Онолбаатарын Хулан
  5. Даваасүрэнгийн Ганзул
  6. Баатарын Болор-Эрдэнэ нар багтсан юм.

9. Монгол Улс чөлөөт бөхийн ДАШТ-ээс хүнд жинд анх удаа медаль хүртлээ

Монголын чөлөөт бөхийн баг тамирчид Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож эхэлсэн цагаас хойш хамгийн хүнд жинд буюу 125 кг-д хамгийн анхны медалиа хүртлээ. Тэр бол үндэсний бөхийн цэргийн арслан, чөлөөт бөхийн ОУХМ М.Лхагвагэрэл байлаа. Тэрбээр “Токио-2020” олимпод тавдугаар байрт шалгарсан. Мөн 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт, залуучуудын болон 23 хүртэлх насны Ази тивийн мөнгөн медальтай. Үндэсний шигшээ баг, “Даян” дэвжээ, “Жем Интернэшнл” компанийн тамирчин юм.


  1. Мөсөн өргөө хотхон байгуулагдав

Зуны аагим халуунд ч мөсөн дээр гарч, бэлтгэл сургуулилтаа хийн, тэмцээн уралдаанаа зохиох нь өвлийн спортынхны нэг насны мөрөөдөл байв. Тэгвэл энэ мөрөөдөл өнгөрсөн есдүгээр сарын 29-нд бодит амьдралд биелэлээ олж, Монгол компаниуд нэгдэж бүтээсэн "Степпе Арена" нээлтээ хийв.

Үндэсний хөрөнгө оруулагч компаниудын төлөөлөл болсон 95 аж ахуйн нэгжийн оролцоо, 1600 гаруй мэргэжилтний ур ухаанаар бүтсэн энэ өргөөг олон улсын стандартын дагуу барьж босгосон бөгөөд 2600 үзэгчийн суудалтай, дөрвөн улирлын турш ашиглах боломжтой гэдгээрээ онцлог юм. Монгол залуус бүтээн байгуулалтад оролцсоны үр дүнд хоёр жил гаруйхны хугацаанд мөсөн өргөө сүндэрлэлээ.  

Нийтэлсэн: У.Баярсайхан

Спортын салбарт болсон онцлох 10 үйл явдал   
Үзсэн: 995 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй