УИХ-ын 2021 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2021.12.24/ нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас энэ аравдугаар сарын 01-ний өдөр өргөн мэдүүлсэн Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж, энэ талаарх Төсвийн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд танилцуулав.
Байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж, төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар эцэслэн батлуулахаар тогтжээ. Танилцуулгатай холбогдуулан гишүүдээс асуулт гараагүй бөгөөд хуулийн төслийг эцэслэн батлуулах бэлтгэлийг хангуулахаар Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.
Дараа нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж, Төсвийн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсуурь танилцуулсан юм. Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж асуулт асууж тодруулсан бөгөөд төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар холбогдох Байнгын хороонд шилжүүлэв.
Монгол Улс 1997 оны нэгдүгээр сарын 29-ний өдөр Дэлхийн худалдааны байгууллагын 130 дахь гишүүн болсноор тус байгууллагын гишүүн 164 оронтой нэн тааламжтай нөхцөлөөр худалдаа хийх, гишүүн орнуудын худалдааны бодлого, баримт бичгүүдийн мэдээллээр хангагдах, өөрийн улсын эрх ашгийг хамгаалах, техник туслалцааны хүрээнд дэмжлэг авах боломж бүрджээ. Дэлхийн худалдааны байгууллагын “Иргэний агаарын хөлгийн худалдааны хэлэлцээр” нь 1980 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр хүчин төгөлдөр болсон бөгөөд 32 улс нэгдсэн оролд байгаа аж. Хэлэлцээр нь цэргийн зориулалттайгаас бусад иргэний агаарын хөлөг, хөдөлгүүр болон холбогдох тоног төхөөрөмжийн худалдаанд үүсэж байгаа бэрхшээлийг арилгах, тоног төхөөрөмж, эд ангийг гаалийн болон худалдааны татвар, хураамжаас чөлөөлөх зорилготой юм.
Үүнтэй холбогдуулан Гаалийн тариф, гаалийн татварын тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд холбогдох нэмэлт, өөрчлөлтийг оруулсны дараа дотоодын хууль тогтоомж, захиргааны журмыг энэ хэлэлцээрт нийцүүлсэн талаар Дэлхийн худалдааны байгууллагын Зөвлөлд мэдэгдэж, хүчин төгөлдөр болгох ажиллагаа хийх юм байна.
Хуулийн төслүүдийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар шилжүүлэв | ||
Үзсэн: 928 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.