Шууд Chart

Монгол Улс, БНАЛАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг 2022 онд хамтран тэмдэглэнэ

2021-12-24 13:30:17

Гадаад харилцааны яамны Ази, Номхон далайн орнуудын газрын захирал Э.Сарантогос БНАЛАУ-ын Гадаад хэргийн яамны Ази Номхон далай, Африкийн газрын захирал Сундара Вироттой энэ оны 12 дугаар сарын 24-ний өдөр цахим уулзалт хийв.

Цахим уулзалтад Монгол Улсаас БНАЛАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ж.Бямбасүрэн, БНАЛАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Пэнгсаван Гээвбасөд нар оролцож, талууд ирэх онд Монгол, Лаосын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг хамтран тэмдэглэх талаар болон харилцаа, хамтын ажиллагааны цаг үеийн асуудлуудаар санал солилцов.

Дипломат харилцааны ойгоор Монгол, Лаосын уламжлалт найрсаг харилцааны түүхийг хоёр ард түмэнд сурталчлан танилцуулах, цаашдын хамтын ажиллагааны чиглэлүүдийг тодорхойлох зорилготой цуврал арга хэмжээг хоёр тал зохион байгуулахаар ярилцав. Мөн цар тахлаас үүдэн сүүлийн 3  жилд тасалдаад буй Засгийн газар хоорондын ээлжит хуралдаан болон ГХЯ-ны ээлжит зөвлөлдөх уулзалтыг ирэх онд зохион байгуулахаар тохиров.

Лаос Улсад саяхан хурдны төмөр зам ашиглалтад орсонтой холбогдуулан  цаашид хоёр улс төмөр замаар шууд холбогдох нөхцлийг бүрдүүлэх чиглэлд холбогдох хэлэлцээр байгуулах асуудлыг хоёр талаас хөөцөлдөж ажиллахаар тогтов. Монгол Улс цаашид АСЕАН-тай хамтын ажиллагаагаа бэхжүүлэх сонирхолтой байгаа бөгөөд хамтын ажиллагааны тохиромжтой механизмд нэгдэх асуудлаар цаашид лаосын талтай санал солилцож, хамтран ажиллахаар ярилцав.

Монгол Улс БНАЛАУ-тай 1962 оны 9 дүгээр сарын 12-нд дипломат харилцаа тогтоосон.


Монгол Улс, БНАЛАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг 2022 онд хамтран тэмдэглэнэ  
Үзсэн: 623 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй