![](/uploads/202112/news/thumb/357d05e9a9c9acf3e3fa35c297efde04_x3.jpg)
Монголын зохиолчдын эвлэлийн хорооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг эгшиглэнт эхийн хишигт найрагч тодруулах 39 дэх удаагийн “Болор цом” яруу найргийн наадам дөнгөж сая Соёлын төв өргөөнд болж, яруу найрагч Б.Болорцэрэн түрүүллээ.
Аман хүзүүнд яруу найрагч Т.Бямбасүрэн, гуравдугаар байрт “Болор цом”-ын эзэн Л.Моломжамц, дөрөв, тавдугаар байрт “Болор цом”-ын эзэн Д.Галсансүх, яруу найрагч Н.Мөнхбаяр нар шалгарлаа.
Энэ жил тус наадамд хот, орон нутгаас нийлсэн 144 бүтээл бүртгэгдсэнээс 25-ийг нь хоёрдугаар шатанд тэнцүүлж, тайзнаас шүлгийг нь дуудуулсан юм.
Энэ жилийн наадмыг уламжлал ёсоор МҮОНРТ хамтран зохион байгуулав. МҮОНРТ нь 1983 оноос хойш жил жилийн “Болор цом” наадмыг үзэгч түмэндээ хүргэж, түрүүлсэн найрагчийг Эгшиглэнт эхийн хөргөөр байлдаг билээ.
Сонирхуулахад, “Болор цом-28” наадам Дархан-Уул аймагт болоход Ц.Хулан хошой эзэн болж байсан бол түүнээс хойш эмэгтэй найрагч түрүүлээгүй байсан юм.
Харин өнгөрсөн жилийн наадамд яруу найрагч О.Цэнд-Аюуш түрүүлсэн бол “Болор цом”-ын эзэн, яруу найрагч М.Отгонбаяр аман хүзүүдэж, яруу найрагч С.Начин, Ч.Ууганбаяр, Д.Одгэрэл нар айргийн тавд шалгарч байв.
Ийнхүү “Болор цом”-ын эзэн, яруу найрагч Баянмөнхийн Болорцэрэнгийн түрүүлсэн шүлгийг уншигч танаа хүргэе.
Шүлэг бичихгүй л бол ...
Шүлэг бичихгүй удвал хар дарна
Шүд уналаа гэж
Шүлэг бодохгүй өнжвөл хар санана
Зүүд хэллээ гэж
Шүлэг уншихгүй удвал зүс алдна
Шүлэг сонсохгүй өнжвөл зул шандуурна
Шүлэг бодохгүй гэвэл чадахгүй мэт
Шүлэг бичихгүй гэвэл нүгэл мэт
Ээжээс ч их бодогдоод ирэх
Ханиас ч илүү санагдаад үлдэх
Энэ шүлгийг хэн илгээнэ вэ
Ээж минь л байх...ээж л байх
Ургахаа умартдаггүй наран шиг
Урсахаа мартдаггүй мөрөн шиг
Шүлэг бодоогүй өдрийг санахгүй
Шүлэг хүсээгүй үдшийг мэдэхгүй
Ээж болсон өдөр минь шүлэг
Ээжгүй болсон өдөр минь шүлэг
Ааваа баярлуулах ганц зам
Амьд яваа минь шүлэг мэт
Шүлэг бичихгүй л бол
Эхийн ачийг санахгүй би
Шүлэг бичихгүй л бол
Элдэв өвчнөөс салахгүй би
Номын сангаа эмийн сангаар солино
Номын мөрөө ховын үгээр хөөнө
Ой санамж,үнэр амтаа алдана
Охин үр, үндэс угсаагаа ч мартна
Хүнээ больсон ч хүйсээ сольсон ч
Хөөрхий шүлэг минь гэвч намайг орхихгүй
Эр буруулавч нэр хөөдөвч
Ивий шүлэг минь гэвч надаас ичихгүй
Ийм болоод л
Өглөөг нүүр бардам угтна
Өчигдөр би хэнийг ч гомдоогоогүй
Өнгөрсөнөөс харамсал үл олно
Өдөр бүхий гараар шүлэг бичих минь учиртай
Наран жаргаад хаачдагийг мэдэх үү
Надад шүлэг авчирахаар явдаг юм
Найрагч охинтой гэж гүн итгэсэн
Ээжээс бэлэг аваад ирдэг юм
Б.Болорцэрэн “Болор цом”-ын эзэн боллоо | ||
Үзсэн: 1994 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.