![](/uploads/202112/news/thumb/e0dec05a8e55746b46317c3c1d481c2a_x3.jpg)
Нийслэлийн Засаг даргын Захиргаа, хууль эрх зүйн асуудал хариуцсан Ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Т.Золжаргал, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Хүнсний чанар стандартын улсын байцаагч Б.Хонгор, МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн нар иргэдийн асуултад хариуллаа.
-Улаанбаатар хотод street food буюу гудамжны хоолны үйлчилгээг нээх хэрэгтэйг Хотын дарга яриандаа онцолж байсан. Стандарт хангасан явуулын хоолны газар, саравч байгуулж үйл ажиллагаа явуулахад ямар хяналт тавих вэ?
Б.Хонгор: -2011, 2013 онд баталсан явуулын үйлчилгээтэй хоолны газрыг ажиллуулах болон гадна талбайн хоолны үйлчилгээ явуулах стандартууд бий. Эдгээр стандартын шаардлагыг хангасан, эрүүл, аюулгүй үйл ажиллагаа явуулахад мэргэжлийн хяналтын байгууллагын зүгээс хориглохгүй. Хамгийн гол нь хотын захиргаа, эсвэл тухайн дүүргийн Худалдаа үйлчилгээний зохицуулах зөвлөл, Худалдаа үйлчилгээний хэлтсээс зөвшөөрөгдсөн цэгийг зааж өгөх юм бол нийтийн эзэмшлийн зам талбайд, зөвшөөрөгдсөн цэгт стандарт, эрүүл ахуйн шаардлага хангаж үйл ажиллагаа явуулах хэрэгтэй.
-Д.Мөнх-Эрдэнэ зөвлөх 74 зөвшөөрлийг хүчингүй болгох ажлын хэсгийг ахалж ажилласан. Тусгай цэгийг зааж өгнө гэсэн. Мөн цагийн хязгаар байх ёстой байх. Зөвхөн street food дээр ярихад хүмүүс ажилтай, түгжрэлтэй байхад замын хажууд саравч байх нь хэр зөв зохистой бол гэх мэтээс эхлээд бүх зохицуулалтыг хийнэ гэж ойлгож болох уу?
Д.Мөнх-Эрдэнэ: -2022 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжих Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын 35-ын 1.14 заалт байгаа. Үүнд худалдаа үйлчилгээний төрөл, худалдаа эрхлэгчдийн эрх үүрэг, тавигдах шаардлага, үүнтэй холбоотой зохицуулалтыг батлах эрх НИТХ-д бий. Бид журмын төслийг боловсруулж, НИТХ-д өргөн барихаар бэлтгэж байна. Журмын төслийг боловсруулахдаа хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх, бусад нөхцөл шаардлагуудыг харгалзан үзэж, холбогдох зохицуулалтыг тусгана. Гэхдээ аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх гэж буй иргэдийн үйл ажиллагаа чөлөөтэй явуулах, зөвшөөрлөөс татгалзаж, бүртгэлийн тогтолцоонд шилжих, бизнес эрхэлж байгаа хүмүүсийг дэмжих ерөнхий бодлого баримталж, ямар нэгэн зөвшөөрөл шаардахгүй.
-Зөвшөөрөл хүчингүй болохоос бусад шаардлага, хяналт шалгалт байх ёстой гэж ойлгож байна. Мөн явуулын хоолны газар ашигтай цэгт маргаан үүсвэл яаж шийдэх вэ. Цэгийг хэн нэгэнд оноож олгох уу?
-Д.Мөнх-Эрдэнэ: -Бид журмаараа зохицуулна. Баримтлах хамгийн чухал зүйл бол бизнесийн чөлөөт өрсөлдөөн, шударга ёсны зарчим юм. Тиймээс бизнесийн чөлөөт өрсөлдөөнийг хангах хүрээнд журамд тодорхой зохицуулалтуудыг тусгана. Маш эрсдэлтэй байрлалд хэн ч, ямар ч үйл ажиллагаа явуулж болохгүй. Тодорхой хориглосон заалтуудыг бид журамд тусгана. Хууль тогтоомж, стандарт, журамд заасан шаардлагуудыг биелүүлж ажиллах үүрэгтэйг мөн журамд оруулна. Нэг талаасаа төр, захиргааны байгууллагуудын зүгээс бизнес эрхэлж байгаа хүмүүсээ дэмжих, нөгөө талдаа үүрэг хүлээх, хариуцлага гэж бий. Аль болох иргэддээ саад болохгүйгээр, иргэдийн бизнес эрхлэх, шударгаар орлого олох талаас Хотын дарга, Засгийн газар, УИХ бодлого барьж байна.
-ТҮЦ ажиллуулна гээд автобусны буудлын урд, явган хүний зам дээр тавьж болохгүй гэж ойлгох уу?
Д.Мөнх-Эрдэнэ:-Бид энд ажиллана гээд явган хүний замын яг голд нь ТҮЦ байрлуулж болохгүй. Энэ нь Үндсэн хуулиар олгосон явган зорчигчийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг шууд зөрчиж байгаа хэрэг. Ийм эрсдэлтэй үйл ажиллагааг бид хориглоно. Үүнийг аль аль талдаа ойлгож байх нь зөв.
-Гурвалсан гэрээг цуцлах уу?
Т.Золжаргал: -Хог хаягдлын хуулиар тохижилтын асуудлыг хуулиар зохицуулдаг учир хог хаягдлын гэрээг хороотой хийдэг. Гурвалсан гэрээ буюу батламжийн асуудал цуцлагдана. Та заавал батламж авах шаардлагагүй. Бүртгэлээ хийлгээд болно.
Баримтлах хамгийн чухал зүйл бол бизнесийн чөлөөт өрсөлдөөн, шударга ёсны зарчим юм | ||
Үзсэн: 1196 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.