Нийслэлийн Засаг даргын Захиргаа, хууль эрх зүйн асуудал хариуцсан Ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Т.Золжаргал нараас НЗДТГ-ын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар дараах асуултад хариулт авчээ.
Н.Сугар: -Иргэд караокений зөвшөөрлийг Нийслэлийн Соёл, урлагийн газраас авах шаардлагагүй болсон уу гэдгийг дахин лавлан асууж байна?
Т.Золжаргал: -Тийм ээ, Нийслэлийн Соёл, урлагийн газраас зөвшөөрөл авах шаардлагагүй.
Н.Сугар: -Одоо үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд дахин эрхээ сунгуулах шаардлагагүй болж байгаа юу?
Д.Мөнх-Эрдэнэ: -Караоке ажиллуулахад зөвшөөрөл авах шаардлагагүй. Харин ерөнхий шаардлагууд бий. Тэр шаардлагуудыг хангасан нөхцөлд аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа чөлөөтэй явуулж болно. 74 нэр төрлийн зөвшөөрөл нэгэнт байхгүй болж байгаа учир сунгах тухай ойлголт мөн адил байхгүй болно. Нэг жил болоод л бичиг баримт бүрдүүлэх шаардлагагүй. Нийслэлийн Засаг даргын дэргэд байнгын үйл ажиллагаатай төрийн бус байгууллага, төрийн байгууллага, мэргэжлийн холбоодын төлөөлөл оролцсон зөвлөл байгуулагдсан. Энэ зөвлөлийн зүгээс одоо яригдаж байгаа үлдсэн тусгай зөвшөөрлийн шат дамжлага, хүнд суртлыг арилгаж, цахимжуулах тухай саналаа боловсруулж, нэг сард Хотын даргад танилцуулж шийдвэрлүүлнэ. Хотын даргын захирамжид маш тодорхой заасан нэг зүйл бол хуулиар зохицуулж буй тусгай зөвшөөрлөө сунгуулж байгаа хүмүүсээс нэмэлт материал бүү нэх гэж байгаа. Нэгэнт үйл ажиллагаа явуулсан хүмүүсийн тусгай зөвшөөрлийг тав хоногийн хугацаанд сунга гэсэн үүрэг өгсөн.
-Н.Сугар: -Иргэд тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл гэж хоёр өөр ойлголт гэдгийг ойлгох хэрэгтэй байна. Тусгай зөвшөөрлийг хуулиар зохицуулдаг. Нийслэлийн Засаг дарга цуцалсан зөвшөөрлүүд бол хуулиар зохицуулдаггүй, журмаар зохицуулдаг зөвшөөрлүүд юм. Хуульд тусгасан тусгай зөвшөөрлүүд хэвээр байгаа. Тэгэхээр архи, тамхины гэх мэт тусгай зөвшөөрөлд сунгалтыг тав хоногийн дотор иргэдэд чирэгдэлгүй шийднэ гэж ойлгож болох уу?
Д.Мөнх-Эрдэнэ: -Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх, тамхи худалдах, эрүүл мэндийн байгууллага мэргэжлийн үйл ажиллагаа явуулах, гоо заслын үйл ажиллагаа эрхлэх, ашигт малтмал эрэх, хайх, ашиглах, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг нээх, агаар бохирдуулдаг үйлдвэрлэл эрхлэгчид зэрэг Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хуульд заасан долоон төрлийн тусгай зөвшөөрөл байна. Түүнчлэн барилгын тухай хуульд заасан барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг нийслэлийн Засаг дарга олгодог. Мөн авто замын тухай хуульд заасны дагуу авто зам сэтлэх, орц, гарц гаргах, Газрын тухай хуульд заасан газар өмчлөх, ашиглах эрх олгох гэхчлэн хуулиар зохицуулж буй тусгай зөвшөөрлийн шинжтэй зохицуулалтууд бий. Үүнийг газрын зөвшөөрөл олгох үйл явцыг хялбарчлах, хөнгөлөх, шаардлагагүй бичиг баримтыг цөөрүүлэх ажлыг танилцуулж, эхлүүлнэ.
Зөвшөөрөл байхгүй болж байгаа учир сунгах тухай ойлголт мөн адил байхгүй болно | ||
Үзсэн: 754 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.