Монголын зохиолчдын эвлэлийн хорооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг эгшиглэнт эхийн хишигт найрагч тодруулах 39 дэх удаагийн “Болор цом” яруу найргийн наадам өчигдөр Соёлын төв өргөөнд болж, яруу найрагч Б.Болорцэрэн түрүүлсэн билээ.
Аман хүзүүнд яруу найрагч Т.Бямбасүрэн, гуравдугаар байрт “Болор цом”-ын эзэн Л.Моломжамц, дөрөв, тавдугаар байрт “Болор цом”-ын эзэн Д.Галсансүх, яруу найрагч Н.Мөнхбаяр нар шалгарав.
Энэ жил тус наадамд хот, орон нутгаас нийлсэн 144 бүтээл бүртгэгдсэнээс 25-ийг нь хоёрдугаар шатанд тэнцүүлж, тайзнаас шүлгийг нь дуудуулсан юм.
Энэ жилийн наадмыг уламжлал ёсоор МҮОНРТ хамтран зохион байгуулав. МҮОНРТ нь 1983 оноос хойш жил жилийн “Болор цом” наадмыг үзэгч түмэндээ хүргэж, түрүүлсэн найрагчийг Эгшиглэнт эхийн хөргөөр байлдаг билээ.
Ийнхүү “Болор цом”-ын эзэн, яруу найрагч Д.Галсансүхийн шүлгийг уншигч танаа хүргэе.
Рах Mongolica бас Бат хаан
Хашин туугаад явах дору хонь шигээ номхон Монголчууд
Хэлж залуурдахгүй бол хаашаа ч явж мэдэх Монголчууд
Зарлиг тушаалын дору банхар шигээ зүрх зоригтой Монголчууд
Зуу, барь гэхэд зүүгдэн сэнжигдээд л үхэх Монголчууд
Урдаа оруулаад араасаа дагуулаад явах дор ану бээр
Усыг гаталж уулыг эргүүлэх элбэгхэн чадалтай Монголчууд
Аагийг нь дарваас аашийг нь олоод андлахад амархан Монголчууд
Алтан дэлхийг нэг ташуурдаад нэлд нь амгалан амраасан Монголчууд
Цагаан сүлд, Хар сүлдээ залаад цалин буух шиг тайвширсан
Цамаан загнаж олзонд шунасан сүрэг дээрэмчин шиг яваагүй Монголчууд
Мартагдаж болох ч маргааш, нөгөөдөр ч нөгөөдрийн цаад өдөр ч
Магад мянга мянган жилээр Монголын их амар амгаланг дуурьсгах Монголчууд
Итгэсэн болбаас ил далдгүй, элч ч, дарга ч, цэрэг ч Монголчууд
Атгасан гар нь болбаас дандаа ил далайлгүй “Их засаг”-ийг тунхагласан Монголчууд
Оргил дээр нь морьтойгоо гараад орчлонг бүтнээр нь хараад одоо амаржуулсу гэсэн Монголчууд
Одны хөдөлгөөн, сарны хувирал, нарны орчил салхины чигийг алдалгүй ажиглан таниад
Тариа тарьж, төмс булж, тахиа тэжээж, тагзанд шигдэх түмэнд
Тэнгэрийн бошго, газрын хууль, байгалийн ухааныг учирласан Монголчуудтайгаа
Нумын хүч, сумны зэв, сэлэмний ирээр зассан өртөө улаагаараа өрнө, дорныг холбон өөрчлөөд
Наашаа цаашаа давхин өнөө хүртэл амьд, өндөр сэнтийдээ залрах өөр хан Бат ...
“Болор цом”-ын эзэн Д.Галсансүхийн дөрөвдүгээр байр эзэлсэн шүлэг | ||
Үзсэн: 3656 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.