XX зууны Монголын гарамгай сэхээтэн, соён гэгээрүүлэгч, эрдэмтэн, зохиолч, дуун хөрвүүлэгч. Академич Б.Ренчингийн бичсэн "Монгол хэл" шүлгийг МҮОНРТ-ийн нэвтрүүлэгчдийн уншсанаар хүргэж байна.
Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл
Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ
Сонсох бүр яруу баялгийг гайхан баясч
Сод их билигт түмэн юүгээн бишрэн магтаму би
Мөрөн гол цутгалант ширгэшгүй их далай мэт
Мөнхөд үр ач нарын залгамжаар бадранхан дэлгэрч
Хөндий цээжинд орогч бүгдийг нэвтрүүлэх чадалт
Хөгжим мэт яруу баясгалант монгол хэл
Урьдын бэрх цагт улс монголын хэт заяаг
Уйтгарлан бодоход урам зоригийг минь сэргээсэн
Өөдлөн дэгжихийн төгс хувьтайд нь итгүүлсэн
Өрнөн мандахын шинж бүрдсэн өвгөдийн минь хэл
Өсөх наснаас өтлөх насан хүртэл чам юугаан судлан
Өдөр бүр үгсийн эрдэнийг чинь баярлан түүнэм
Tүгшүүрт бэрхийг даван туулсан баатар түмний минь
Төвшинээ соёл эрдэнэ дүгээ мандуулахын гэгээн улирал нээгдсэнээр
Сэлбэл үгүй сэцэн оюутан хэл юүгээн энхрийлэн хөгжүүлюү хэмээн
Сэтгэл урмас бадран бахдаму үсэн буурал өтгөс би
Хутаг өлзий бүрдсэн хувь заяат түмний минь
Хурц авьяаст хөвгүүд дүү нар
Халуун элэгтэн хотлоор
Эгшиг сайхан монгол хэл юүгээн нэн хайрлан дээдэлж
Энхрийлэн бадруулахын бат зориг юутай сайхан
Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл
Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ
Сонсох бүр яруу баялгийг гайхан баясч
Сод их билигт түмэн юүгээн бишрэн магтаму би...
"Монгол хэл" шүлэг | ||
Үзсэн: 10882 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.