Шууд Chart

Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

2021-12-29 08:34:28

УИХ-ын 2021 оны намрын ээлжит чуулганы 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаар Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан танилцуулсан.

Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т заасны дагуу Байнгын хороо энэ сарын 28-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн байна. Төслийн анхны хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүдээс хуулийн төслүүдийн зүйлүүдтэй холбогдуулан асуулт асуугаагүй бөгөөд УИХ-ын гишүүн Б.Баттөмөр Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 2 дугаар зүйлийг хасах зарчмын зөрүүтэй санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэлээ.

Б.Дэлгэрсайхан гишүүний танилцуулсан санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, ажлын хэсгээс хариулт мэдээлэл, тайлбар авсан юм. Улсын Их Хурал цар тахлын нөхцөлд шуурхай зохион байгуулалт хийх, эдийн засгийн агуулгыг тооцон эрх зүйн орчныг бүрдүүлэхээр шийдвэр гаргаж байхад төрийн байгууллагууд шат шатандаа хийх ёстой ажлаа хийхгүй байгаа гэх шүүмжлэлийг УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг гишүүн хэллээ.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар хуулийн үйлчлэлийг сунгахыг дэмжихгүй байгаагаа илэрхийлж, улс орны эдийн засаг, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа, бизнесийн үйл ажиллагааг хэвийн болгох шаардлага бий гэдэг байр суурийг илэрхийлж байв.  Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн үйлчлэлийг сунгахдаа 3 дугаар зүйлийн 3.2 дахь заалтыг хасаагүй гэдэг шүүмжлэлийг Б.Пүрэвдорж гишүүн хэлсэн бол эл хуулийн үйлчлэлийн хүрээнд УОК-ын дунд шатнаас гаргаж буй шийдвэр үр дүнгүй, зохион байгуулалтгүй, олон нийтийг бухимдуулж, нийтэд эрсдэл учруулахуйц байгааг М.Оюунчимэг гишүүн сануулж байв. УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, Х.Булгантуяа, Д.Сарангэрэл, Ш.Адьшаа, Б.Жаргалмаа нар асуулт асууж, хариулт авсны дараа зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулан шийдвэрлээд, Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлээ. Үүгээр УИХ-ын өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөв.


Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв  
Үзсэн: 874 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй