Шууд Chart

Авлига, хүнд суртлыг цахим засаглалаар таслан зогсоох боломж бүрдэв

2022-01-05 16:13:15

“Төрийн доод, дунд шатны авлига, хүнд суртлыг АТГ-тай хамтран цахимжуулалтаар шийдвэрлэж байгаа” хэмээн Засгийн газрын тохируулагч агентлаг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ сонинд өгсөн ярилцлагадаа дурджээ.

“Зууны мэдээ” сонины 2022 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн №1 (6733) дугаарт мэдээллийн технологи нь улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд шинэ итгэл найдвар өгөх боломжтой талаар ярилцлага өгөхдөө төрийн 181 үйлчилгээг цахимжуулснаар эхэлсэн “И-Монголиа” төслийн зарим үр дүнг онцолсон байна.

“И-Монголиа” төслийн эхний үед төрийн байгууллагууд үйлчилгээгээ цахимжуулахад хойрго, хүндрэлтэй хандаж байсан бол зарим нь эсрэг байр суурьтай байв. Тиймээс Ерөнхий сайдын зүгээс ажлын хэсгүүд байгуулж, “И Монголиа”-д төрийн үйлчилгээг оруулах чиглэлийг албан ёсоор өгсөн. Ерөнхий сайдын “Үйлчилгээгээ цахимжуулаагүй бол авлигыг дэмжиж, өөгшүүлж байна гэж үзнэ” хэмээн мэдэгдсэнээс хойш цахим шилжилтэд дорвитой өөрчлөлтүүд гарч эхэлсэн.

“И-Монголиа” нэвтэрснээс хойш төр, иргэд нийлээд жилийн хугацаанд 64.5 тэрбум төгрөг хэмнэсэн. Үүний 54 тэрбум нь иргэнээс хэмнэсэн зардал юм байна. Өмнө нь лавлагаа, тодорхойлолтыг төрийн байгууллагаас очиж авахад мөнгө төлдөг байсан бол цахимаар авахад үнэгүй болов.

Төрийн үйлчилгээ цахимд шилжсэнээр төрийн үйлчилгээний хүнд суртал, хүн хоорондын харилцаанаас үүдэлтэй ёс зүйн зөрчил, доголдол, авлига, хээл хахууль үүсэх нөхцөл бололцоо үгүй болно. Нөгөө талаар төрийн үйлчилгээний шуурхай байдал сайжирч, цагийг хэмнэн, эдийн засгийн үр ашиг иргэд, олон нийтэд бий болно.

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ “Цахимд шилжсэнээр өмнө нь гомдол гаргадаггүй байсан авлигын асуудлууд илэрч байна. Иргэдийн гомдлыг шуурхай шийдвэрлэж байгаа учир хандалт нэмэгдэж, энэ хэрээр ил тод байдал үр дүнгээ өгч байна. Долоо хоног бүр Засгийн газрын хуралдаанаар хүнд суртал, авлигатай холбоотой асуудал шийдэгдэж байна. Улс төрийн шахалт үзүүлж авлигын асуудлыг шийдвэрлэж байгаа нь бага ч болов итгэл найдвар төрүүлж байна” хэмээн ярьжээ.

Тэрээр Авлигатай тэмцэх газартай хамтран авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны хүрээнд жолооны үнэмлэх захиалах, компани байгуулах зэрэгт байх ёстой жишиг мэт болсон хууль бус мөнгө төгрөгийн асуудлыг “И-Монголиа” хөтөлбөр хэрэгжсэнээр эхнээс нь цэгцэлж байгаа талаар ярилцлагадаа онцолсон байна.


Авлига, хүнд суртлыг цахим засаглалаар таслан зогсоох боломж бүрдэв  
Үзсэн: 618 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй