Шууд Chart

2022 оны нэгдүгээр сард тохиох одон орны сонирхолтой үзэгдлүүд

2022-01-06 12:21:23

2022 оны нэгдүгээр сард тохиох одон орны сонирхолтой үзэгдлүүдийг хүргэж байна. 

Нэгдүгээр сарын 3-ны шинэ сар : Сар нь наран талдаа гарч шөнийн тэнгэрт харагдахгүй байх ба Улаанбаатарын цагаар минутад эклиптикийн хавтгай дээрх проекцууд нь нэг шулуун дээр буюу нар, дэлхийн голд сар байрлалаа. Энэ үеэр сарны гэрэлгүй байсан учраас одод, одны бөөгнөрөл, мананцар, галактик, тэнгэрийн заадас, солир зэргийг ажиглахад маш тохиромжтой байжээ. 

Нэгдүгээр сарын 3, 4 : Квадрантид (010 GUA) солирын урсгалын оргил үед дунджаар 40 хүртэлх тооны солир харвадаг. Тэнгэрийн хойд хагас бөмбөрцөгт ажиглагддаг үзэгдэл бөгөөд манай орны газар нутгаас маш сайн харагдсан гэсэн үг юм. Энэ солирын урсгал нь анх 2003 онд нээсэн, 2003 EH1 гэсэн мөхөж буй сүүлт одны тоосонцроос тогтдог байна. Жил бүрийн нэгдүгээр сарын 1-5 хооронд болдог ба 2022 оны хувьд 3-4-нд шилжих шөнө оргил үе нь тохиолоо. Энэ үеэр шинэ сар тохиож сарны гэрэлгүй байх учраас шөнө дунд ажиглахад нэн тохиромжтой байлаа. Их баавгай, Луу, Тариачин гэсэн гурван одны ордны голоос солир цацрах үзэгдэл боллоо. 

Нэгдүгээр сарын 7: Буд гарагийн зүүн элоганц. Буд гараг нь нарнаас хамгийн их 19.2 градусын зүүн холдох өнцгөөр харагдана. Энэ үед Буд гараг маш сайн ажиглагдана. Өндөрлөг газраас энгийн нүдээр харах боломжтой. Ажиглахад хамгийн тохиромжтой үе нь оройн тэнгэрт баруун зүгт хэвтээ хавтгай буюу тэнгэрийн хаяанаас дээш нарнаас хамгийн их холдож харагдах болно. Өөрөөр хэлбэл, нар жаргасны дараахан тэнгэрийн баруун хаяанд бага градусын өндөрт ажиглагдана.

Нэгдүгээр сарын 18 : Тэргэл сар. Сар нь нартай эсрэг тохиож сар бүтэн дугуй хэлбэртэй гэрэлтэж харагдана. Оргил үе нь Улаанбаатарын цагаар 7 цаг 48 минут юм. Энэ үеэр сарыг ажиглахад маш тохиромжтой байдаг. Түүний гадаргуу дээрх цар, тогоо, уул нурууд, далай тэнгисүүдийг энгийн дуран болон астрономийн дурангаар тодхон харж болно.

Эх сурвалж: ШУА


2022 оны нэгдүгээр сард тохиох одон орны сонирхолтой үзэгдлүүд  
Үзсэн: 1959 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй