Шууд Chart

Ховд аймгаас сонгогдсон гишүүд цахим ярилцлага хийлээ

2014-06-04 16:48:27

Улсын Их Хурлын гишүүдийн уламжлалт "Цахим ярилцлага" өнөөдөр Төрийн ордон дахь Нутгийн удирдлагын танхимд боллоо. УИХ-ын Тамгын газраас зохион байгуулж буй дөрөв дэх удаагийн цахим ярилцлагад Ховд аймгаас сонгогдсон Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт, УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар болон Ховд аймгийн удирдлагууд, иргэдийн төлөөлөл оролцов.

Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар ярилцлагыг нээж хэлсэн үгэндээ, УИХ-ын Тамгын газраас орон нутагтай хийх "Цахим ярилцлага"-ыг өнгөрсөн дөрөвдүгээр сараас сэргээж эхэлсэн. Дөрөв дэх удаагийн цахим ярилцлагаар Ховд аймгаас сонгогдсон гишүүд, орон нутгийн удирдлагууд оролцож байна. УИХ-ын Тамгын газраас Ховд аймагтай анх удаа цахим ярилцлага хийж буйг онцлов.

Ховд аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан Концессын гэрээгээр сургууль, цэцэрлэг бариулах тухай болон Бельгийн Вант улсын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Баруун бүсийн оношлогоо, эмчилгээний төвийг бэхжүүлэх төслийн зээлийн хэлэлцээр”-ийн төслийн хэрэгцээ шаардлагын талаар танилцуулав.

Тэрээр танилцуулгадаа, Ховд аймгийн нэгдсэн эмнэлэг дээр түшиглээд Баруун бүсийн оношлогоо эмчилгээний төв байгуулаад багагүй хугацаа өнгөрч буй. Аймгийн нэгдсэн эмнэлэг 50-60 мянган хүн амд үйлчлэх хүчин чадалтай. Гэтэл аймгийн хүн ам өсөөд 80-90 мянга болсон  дээр нь баруун таван аймгийн хүн амд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдэг. Гэтэл эмнэлгийн барилга байгууламж, тоног төхөөрөмжийн хүрэлцээ муу байна. Ялангуяа ханиад томууны улиралд ачааллаа дийлэхгүйд хүрч байгааг танилцуулав. Тиймээс Бельгийн Вант Улсын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Баруун бүсийн оношлогоо, эмчилгээний төвийг бэхжүүлэх төслийн зээлийн хэлэлцээр”-ийн төслийг яаралтай шийдвэрлэж өгөхийг УИХ-ын гишүүдээс хүсэв. Мөн тэрээр аймгийн төвд 12 цэцэрлэг үйл ажиллагаа явуулдаг. 0-6 насны хүүхдийн 65 хувь нь цэцэрлэгт хамрагдаж байна. Цаашид долоон цэцэрлэг шинээр барьснаар хүүхдүүдийг цэцэрлэгт бүрэн хамруулах боломжтой. Улсын төсөв хүндэрсэн энэ үед Концессын гэрээгээр барих нь зохимжтой шийдэл болно гэж хэллээ.
 

УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, аймгийн хэмжээнд тулгамдсан асуудал олон бий. Аймгийн бүсийн оношлогоо, эмчилгээний төвд өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хийсэн ажил олон бий. Цаашид хийх ажил ч их байгаа гэдгийг онцлоод Бельгийн Вант улсын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Баруун бүсийн оношлогоо, эмчилгээний төвийг бэхжүүлэх төслийн зээлийн хэлэлцээр”-ийн төслийг Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн. Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх эсэхийг шийдвэрлэсэн. Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар шийдвэрлээд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулна гэж тайлбарлав.

УИХ-ын гишүүн, НББСШУБХ-ны дарга Д.Батцогт хэлэхдээ, Бельгийн Вант улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Баруун бүсийн оношлогоо, эмчилгээний төвийг бэхжүүлэх төслийн зээлийн хэлэлцээр”-ийн төслийг Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороо дэмжвэл ирэх долоодугаар сард багтаан батлах байх гэж найдаж байна. Концессын гэрээгээр сургууль, цэцэрлэг барих хувийн компаниудаа та бүхэн олох шаардлагатай. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа цэцэрлэгийн барилгын ажлыг эрчимжүүлэх талаар аймгийн удирдлагууд хөөцөлдөх шаардлагатай гэв. Тэрээр хэлэлцүүлгийн үеэр аймгийн хэмжээнд зарлагдаж байгаа тендер болон Үенч сумын Соёлын төвийн барилгын талаар тодруулав.

Аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан хариулахдаа, Улсын болон орон нутгийн хөрөнгө оруулалтаар 80 гаруй ажил хийхээр тендер зарлагдсан. Тендерийн ажил 70 гаруй хувьтай байна. Үенч сумын соёлын төвийн тендерийг удахгүй зарлана. Мөст сумын цэцэрлэгийн барилгын ажил удахгүй эхэлнэ. Энэ зундаа багтаад ашиглалтад оруулна гээд Сангийн яамнаас санхүүжилт ирүүлэхгүй байгаа тухай тайлбарлав.
 
Цахим ярилцлагад оролцож буй аймгийн удирдлагууд дээрх асуудлуудтай холбоотой асуултыг Ховд аймгаас сонгогдсон Улсын Их Хурлын гишүүдээс тодруулж хариулт авсан юм.
 
УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар цахим ярилцлагыг хааж үг хэлэв. Тэрээр Ховд аймгаас сонгогдсон гишүүд орон нутгийн удирдлага, иргэдийн төлөөлөл, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөлтэй цахим ярилцлага хийлээ. Бельгийн Вант улсын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Баруун бүсийн оношлогоо, эмчилгээний төвийг бэхжүүлэх төслийн зээлийн хэлэлцээр”-ийн төсөл өнөөдөр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороогоор хэлэлцэнэ гээд УИХ-ын Тамгын газраас гишүүдээ сонгогдсон тойрогтой нь байнга уулзуулна гэдгийг онцлон тэмдэглэлээ.
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Ховд аймгаас сонгогдсон гишүүд цахим ярилцлага хийлээ  
Үзсэн: 1685 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.26.193.xxx [103.26.193.xxx] 2014-06-05 11:38
СХД Ар Гүнтэд фермерийн зориулалттай эрүүл тэгшхэн 5га газар яаралтай маш хямд зарна. утас: 99084179

Бидэнтэй нэгдээрэй