Шууд Chart

Зарим эмийн сан иргэдийн өвчнийг далимдуулж шаардлагагүй, үнэтэй эм “шахаж” байна гэв

2022-01-12 15:01:43

Идэр гурван ес үргэлжилж байгаа энэ үед зөвхөн дэлхийн дахинаа тархаад байгаа “Ковид-19” цар тахал иргэдийн дунд үүсээд байгаа юм биш. Даарч хөрснөөс шалтгаалж амьсгалын замын олон төрлийн өвчин ид “хүчээ авч” байна. Үүнд агаарын бохирдол ч нөлөөлж байгааг нуух юун.

Иймд манай сайтын сурвалжлах хэсэг Чингэлтэй дүүргийн долдугаар хорооны өрхийн эмнэлгийг зорив. Учир нь хаа газрын өрхийн эмнэлгийн ачаалал энэ цаг үед уламжлалтай юм шиг ихэссэн байдаг тул тийнхүү босгоор нь алхлаа.

Цэвэрхэн, тохилог тохижилттой хороо юм. Үүдээр нь ороход шар цамцтай угтагч эмэгтэй иргэдийг “Хувцсаа өлгүүлээрэй, улавч өмсөөрэй” хэмээн зөөлөн дуугаар сануулна. Иргэд ч ар араасаа л цувсаар ... Хөгшин, залуу, хүүхдээ хөтөлсөн, тэвэрсэн эцэг эхчүүд ч байх. Хэдийгээр өнөөдөр ажлын өдөр ч гэлээ бие нь тавгүйрхсэн хүүхдээ “сугавчилсан” аав, ээж коридорт ээлж хүлээн суухдаа “Ажлаасаа түр чөлөө аваад ирлээ” гээд яарч байгаа нь ажиглагдана.

Бид үүдтэй ойрхон байрласан шинжилгээний өрөөний хаалгыг татаж, учир байдлаа хэлэхэд нэгэн залуухан эрэгтэй эмч тосов. Түүнийг тус хорооны буюу “Таны төлөө” өрхийн эмнэлгийн их эмч О.Амар гэв.

Тэрбээр “Манайхан ч ачаалалтай байгаа даа. Гэхдээ хэдүүлээ өөр өрөөнд оръё” гээд хоёр давхар руу дагууллаа.

Түүний хэлснээр архаг хууч өвчтэй болон хүүхдийн вакцинжуулалт гэх мэт үндсэн үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байгаа юм байна. Мөн улирлын чанартай халдварт өвчин буюу томуу томуу төст, коронавиусний шинж тэмдэгтэй хүмүүсийг үзэж оношилж байгаа аж.

Өмнөх оны арваннэгдүгээр сартай харьцуулахад он гарснаас хойших буюу өнөөдрийг хүрэхэд коронавирус туссан хүний тоо харьцангуй ихэссэн гэдгийг дуулгав. Тодруулбал Улаанбаатарын хэмжээнд сарын өмнө өдөрт 100 гаруй хүнээс илэрч байсан бол одоо 1000 орчим болж ихэсч. Энэ нь олон байгууллага шинэ жил тэмдэглэсэнтэй холбоотой байж ч болох юм гэлээ.

Насны хувьд харилцан адилгүй ч хүндээр өвдөж байгаа нь ахмад болон архаг суурь өвчтэй хүмүүст тохиолдож байгаа аж.   

Иймд иргэдэд анхааруулахад коронавирусний шинж тэмдэг илэрвэл дүүрэг дүүрэгтээ хийгдэж байгаа үнэ төлбөргүй түргэвчилсэн шинжилгээнд яаралтай хамрагдах, мэргэжлийн хүнээс зөвлөгөө авах нь чухал шүү гэв. Чингэлтэй дүүргийн хувьд 30 цэгт үнэ төлбөргүй шинжилгээ авч байгаа аж.

Дөрөвдүгээр тунд хамрагдаж байгаа иргэд хэр элбэг байгаа тухай лавлахад “Нийгмийн идэвх сайтай болон аливаа зүйлд үргэлж манлайлж оролцдог хүмүүс гэж тодорхойлогдсон байдаг. Тэд л ихээр ирж байна” гэлээ. Түүнчлэн нийслэлийн хэмжээнд гуравдугаар тунд хамрагдсан иргэд 50 хувьтай байна гэсэн. Тэгэхээр энэ бол маш бага үзүүлэлт юм. Тиймээс гуравдугаар тунгийн вакцинаа хийлгэсэн иргэн та дээрх өвчнөөр өвчлөөгүй бол 90 хоногийн дараа дөрөвдүгээр тунгийн вакцинаа хийлгэхэд тохиромжтой юм байна. Харин өвчилсөн бол эмчилгээ дууссанаас хойш 21 хоногийн дараа хамрагдвал дархлаа тань тогтох юм байна.

Тус хорооны эмнэлгийн хувьд дотоод зохион байгуулалтад орж, хоёр ээлжээр, харин үзлэг ихтэй үед бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байгаагаа дуулгалаа.

Их эмч У.Ганжаргалтай уулзаж мөн ярилцахад дараах үгийг хэлсэн юм. 

Сүүлийн үед айхтар хүндээр өвдсөн хүн ирэхгүй байна. Суурь өвчтэй болон ханиад хүрсэн хүмүүс зонхилж байгаа аж.

Хамгийн гол нь бага насны хүүхэд ханиад хүрэх маш их байна. Эцэг, эхчүүд нь хүндэрснийх нь дараа л бидэнд ханддаг. Түүнээс өмнө өөрийн дураар буруу эмчилгээ хийх, буруу эм, тариа өгөх, хийх зэрэг асуудал гарах юм. Ингэж хандаж хэрхэвч болохгүй гэдгийг У.Ганжаргал эмч хариуцлагатайгаар дуулгасан шүү.

Өвдсөн хүнд 30 хувь нь асаргаа, 70 хувь нь эм, тариагаар эмчлэгддэг гэх юм билээ. Гэвч асаргаа маш муу байгаагаас гадна тохирсон эмтэй хирнээ цаг тухайд нь уулгахгүй, эсвэл бичиж өгсөн эм авахгүй байх зэрэг хүндрэл их гарах юм. Үүнээс нь шалтгаалж хатгаа авсан хүүхэд их ирэх боллоо. Өдөрт доод тал нь таван хүүхэд дээрх хорооны эмнэлгээр үйлчлүүлж байгаа аж.

Үүнд зарим эмийн сан ч буруутай гэнэ. Тодруулбал, эмчийн үзлэггүйгээр “Энэ эм сайн, тэр эм сайн” гээд аль болох үнэтэй эмээ зарж байна. Энэ байдал коронавириус туссан хүнд бүр их тохиолдох боллоо. Өөрсдөө дураараа багц гаргачихсан. Тэдгээр нь маш их үнэтэй. Гэвч уг вириус нь дарагдахгүй болохоор эцэст нь бидэнд ирж үзүүлдэг. Авсан эмүүдийг нь харахаар зарим нь ямар ч шаардлагагүй байдаг. Мөн зарим иргэн хаана ч үзүүлээгүй байж өөртөө онош тодруулаад “Би эерэг гарчихлаа” гээд ирдэг. Харин бид шинжилгээ хийгээд үзэхээр өөр онош гарах ч тохиолдол байна гээд үгээ дуусгалаа.

Биднийг өрөөнөөс нь гарахад үүдэнд нь дугаар хүлээн суугаа хүн улам олон болсон байсан. Орж ирж байгаа хүмүүс ч зөрж өнгөрсөөр. Тэр үед У.Ганжаргал эмчийн хэлсэн “Өвдсөн хүн 30 хувийн асаргаа, 70 хувийн эм, тариагаар эдгэрдэг” гэсэн үг дахин бодогдов.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Зарим эмийн сан иргэдийн өвчнийг далимдуулж шаардлагагүй, үнэтэй эм “шахаж” байна гэв  
Үзсэн: 1036 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй