Шууд Chart

Монгол Улсын дөрөв дэх үндсэн хууль баталсан түүхэн өдөр өнөөдөр тохиож байна

2022-01-13 09:03:45

Монголд ардын засаг тогтсоны дараа Шүүх яамны сайд Магсаржав хурц, Ж.Цэвээн, Бат-Очир нар үндсэн хуулийн төсөл боловсруулж байв. Нам төрийн удирдагчдын дунд хагарал үүсэж, үндсэн хуулийн төсөл боловсруулах ажил удааширсан. 1924 оны тавдугаар сарын 20-нд Богд хаан таалал төгссөний дараа Үндсэн хууль боловсруулах шинэ комиссыг Ерөнхий сайд Б.Цэрэндорж, Ж.Цэвээн, Э.Ринчино нарын бүрэлдэхүүнтэй байгуулсан юм.

ЗХУ-ын хууль, цаазын мэргэжилтэн П.В.Всесвятскийг зөвлөхөөр ажиллуулсан. 1924 оны арваннэгдүгээр сарын 8-нд нээгдсэн Монгол Улсын анхдугаар их хурал 15 хоногийн хугацаанд хуралдахдаа Үндсэн хуулийг зүйл бүрээр хэлэлцэн арваннэгдүгээр сарын 26-ны өдөр баталсан.

Анхдугаар Үндсэн хууль нь оршил, “Монголын жинхэнэ ардын эрх чөлөөг илтгэн тунхаглах нь”, “Улсын дээд эрхийг барих газрын тухай”, “Нутгийн захиргааны тухай”, “Сонгох сонгогдох эрхийн тухай”, “Улсын орлого зарлагын тухай”, “Улсын тамга ба сүлд тэмдэг, туг далбаа гурвын тухай” хэмээх зургаан бүлэг, 50 зүйлээс бүрдэж байв. Үндсэн хуулиар бүх шатны ардын хурал нь шинэ төрийн үндэс болохыг ийнхүү хуульчлан бататгахын хамт ард түмнээс төрийн хэрэгт оролцох эрх чөлөөг Монголын түүхэнд анх удаагаа тунхаглан заасан юм.

1940 оны үндсэн хууль нь ард түмний дунд “Чойбалсангийн үндсэн хууль” гэж нэрлэгддэг. Энэ хууль 12 бүлэг 95 зүйлтэй бөгөөд 1940-1960 он хүртэл нийт 16 удаа нэмэлт, өөрчлөлтийг оруулсан. Тус хуулийн нэгдүгээр зүйлд “Бүгд Найрамдах Монгол Ард Улс болбоос эзэрхэг түрэмгий ба феодалын дарлалыг устгасан, цаашид нийгэм журамд дэвшин орохын учир улс орон юугаа хөрөнгөтний бус замаар хөгжүүлэх явдлыг хангаж бүхий хөдөлмөрчин (малчин, ажилчин, сэхээтэн) ардын тусгаар тогтносон улс мөн болно” гэж заасан.

1960 оны үндсэн хуульд “БНМАУ бол ажилчид, хоршоолсон ардууд (малчин тариачид), хөдөлмөрч сэхээтний социалист улс бөгөөд түүний үндэс нь ажилчин анги, хоршоолсон ардын холбоо мөн” хэмээн заасан.

1980-аад оны сүүлчээс Монгол оронд өөрчлөлт, шинэчлэлтийн уур амьсгал өрнөсөн. Үүнтэй уялдан 1990 онд үндсэн хуулийг шинэчлэн боловсруулах ажил эхэлсэн. БНМАУ-ын Ардын Их Хурлаас сонгогдсон депутатуудын хоёрдугаар хуралдаан 76 хоног хуралдаж, 1992 оны нэгдүгээр сарын 13-нд Монгол Улсын дөрөв дэх үндсэн хуулийг баталжээ.

Энэ үндсэн хууль оршил, зургаан бүлэг, 70 зүйлтэй бөгөөд Монгол Улсад нэг шаттай парламент, Ерөнхийлөгчийн институт бүхий бүгд найрамдах засаглалын ардчилсан хэлбэрийг хуульчлан баталгаажуулсан юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Монгол Улсын дөрөв дэх үндсэн хууль баталсан түүхэн өдөр өнөөдөр тохиож байна  
Үзсэн: 944 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй