"Ковид-19” цар тахлын омикрон хувилбарын тархалт дотоодод бүртгэгдсэнтэй холбогдуулан УОК-оос энэ сарын 10-нд мэдээлэл хийсэн билээ. Мэдээллийн эхэнд УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү хатуу хөл хорио, хязгаарлалт тавихгүй гэдгийг онцлон хэлсэн. Мөн цагаан сарын үеэр халдварын оргил үе таардаг учир төрийн золголт хийхгүй, айл өрхүүд гэр бүлийн хүрээнд цомхон тэмдэглэхийг үүрэгдсэн юм.
Иймд ард иргэд ямар бодолтой байгааг тодрууллаа.
Ш.Дашчулуун: Хүүхдүүдээ айл хэсч болохгүй шүү гэж хэлээд л байгаа /Чингэлтэй дүүргийн VII хорооны иргэн/
- Нэгэнт гэр бүлийн хүрээнд тэмдэглэж болно гэж байгаа бол бүх айл тэмдэглэх байх. Харин ор тас хорьсон бол нэг их задгайрахгүй байх л даа. Гэхдээ манайх энэ жил өмнөх жилүүдийнх шиг нэг их сүйдтэй өргөн тэмдэглэхгүй ээ. Ёсоо бодож есөн үе хэвийн боовоор тавгийн идээ засч, шүүс бэлтгэнэ. Түүнээс биш хүүхдүүдээ айл хэсүүлэхгүй байх талд хэлээд л байгаа. Өдөр ирэх тусам “Ковид-19” цар тахал ихэсч байхад эрүүл мэндээ бодсон нь дээр шүү дээ. Энх тунх өнжөөд ирэх жил сайхан тэмдэглэнэ ээ.
Д.Гандолгор: Гэр бүлийн хүрээнд ч тэмдэглэхгүй байсан нь дээр /Чингэлтэй дүүрэг VII хорооны иргэн/
- Манай улсад омикрон вирус бүртгэгдлээ гэж сонсогдсон. Тэгэхээр энэ жилийн цагаан сарыг гэр бүлийн хүрээнд ч хийхгүй байсан нь дээр. Гэр бүлийн хүрээнд тэмдэглэж болно гээд хэлчихээр жил бүрийн цагаан сараар очдог ахмад настандаа энэ жил очиж л таарна. Жишээ нь таван хүүхэдтэй буурайгийнд бүгд цуглаж таарна. Тэд нар нь гараад дахиад л өөр хүмүүстэй уулзалдана. Гэх мэт энэ аюултай өвчнийг дэгдээх боломжийг улам нэмэх шалтгаан болох гээд байна. Тэгээд ч хэвийн боовноос гадна ялангуяа ууцны үнэ өнөөдрийн байдлаар 280-аас 500 мянган төгрөгийн хооронд үнэлэгджээ. Ингэхээр эдийн засгийн хувьд ч дундаж амьдралтай бидэнд дийлдэхээргүй боллоо. Ер нь өглөө сэрэхэд л өргөн хэрэглээний барааны үнэ байнга нэмэгдсэн байдаг.
Д.Уламнэмэх: Гэр бүлийнхээ хүрээнд цомхон тэмдэглэнэ ээ /Сонгинохайрхан дүүргийн XI хорооны иргэн/
- Айл хэсэхгүйгээр зөвхөн гэр бүлийнхээ хүрээнд цомхон тэмдэглэвэл болох л байх. Цаг үеийн байдлыг харахад цар тахлын дэгдэлт ихэсч байгаагийн зэрэгцээ иргэдийн амьжиргаа тааруу байгаа учир гэр бүлийн хүрээнд л тэмдэглэсэн нь зохилтой. Цагаан сараар айл өрх бүр тухайн жилийнхээ өнгийг хардаг болохоор ядаж тавгийн идээгээ засч, цай сүүнийхээ дээжийг өргөдөг уламжлалаа өнжүүлж болохгүй.
Ч.Мөнхбаяр: Мэнд байвал дараа нь ч очоод золгож болно шүү дээ /Чингэлтэй дүүргийн XVII хорооны иргэн/
- Гэр бүлийн хүрээнд тэмдэглэж болно гэж заасан бол тэр зарчмын дагуу л тэмдэглээсэй гэж иргэдээсээ хүсч байна. Тэгэхгүй бол “Ковид-19” цар тахлын хяналт алдагдвал бүр хэцүүдэх юм билээ. Түүнээс биш уламжлалаа дагаад заавал ахмад настнуудаа хүндэтгэхийн тулд эрсдэл “үүрч” очиж болохгүй. Мэнд байвал дараа нь ч очоод золгож болно шүү дээ.
Ө.Баасандорж: Хэрвээ бүх нийтээрээ тэмдэглэвэл энэ аюултай өвчин дийлдэхээ байна /Чингэлтэй дүүрэг VIII хорооны иргэн/
- Манай гэр бүлийн хувьд айл хэсэхгүй ээ. Гэр зураа л ёс болгож тэмдэглэнэ. Тэгээд ч настангуудтайгаа хамт амьдардаг болохоор гарах шаардлага ч байдаггүй. Хэрвээ бүх нийтээрээ өргөн тэмдэглэвэл энэ аюултай өвчин бүр дийлдэхээ байна биз. Өнөөдөр л гэхэд 2000 орчим хүн өвдлөө гэсэн мэдээ гарсан байсан. Өнгөрсөн жил энэ жилийнх шиг гэр бүлийнхээ хүрээнд тэмдэглэсэн боловч айл их хэсч байсан. Тэр байдал нь өнөөдрийн энэ хэмжээний дэгдэлтэд хүргэсэн ч байж болох юм.
Иргэд цагаан сараар айл хэсэхгүй байхыг уриалж байна | ||
Үзсэн: 3975 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.