Шууд Chart

Түших төрийн гутал

2022-02-02 08:00:37

Хүний биеийн тулгуур хөлийн өмсгөл тул тулж түших, бат суурьтай явахыг билэгдсэн. Монгол үндэстэн эрт цагаас арьсан түрийтэй, ширмэл ултай, саарь сарьс хавчуулсан ээтгэр хоншоортой гутал хийж өмсжээ. Монгол Улсад 20 гаруй ястан угсаатан өөр өөрсдийн биет бус өвийн онцлог шинжийг зан заншил, хувцас хэрэгсэл болон ахуй амьдралын уламжлалаараа илэрхийлэн амьдардаг.

Тийм ч учраас Монгол гутал хэлбэр хийц, загвар төрлийн хувьд маш олон янз байдаг. Тухайлбал, Монгол гутал, буриад гутал, ойрад госон, цараг, тоокуу, бөхийн гутал зэрэг олон янзын хэлбэр, хэмжээ, өнгө зүстэй гутал байдаг. Монгол гутлыг угалзных нь тоогоор нэрлэдэг ба голдуу наймаас гучин хоёр угалзтай байна. Монгол гутал нь байгаль дэлхийгээ эрхэмлэх, хөрс шороогоо сэндийлэхгүй байх нарийн бэлгэдлийг агуулсан ээтэн хоншоортой байдаг.

Хаад ноёд, мяндагтан лам нарын гутлыг битүү зүү ороох буюу ширэн хөөмлийн аргаар битүү угалзлан урладаг байв. Оймсны харааг уран гоё хээ угалз зүү ороох, хонин холбоо, ширэн хөөмөл, саарь сарьс шагайлгах зэргээр урлана. Гутлын оймсны хараа өр хээгээр төвлөж, халаанд хамгаалах, хадгалахын билэгдэлтэй амьтны загварт уран гоё хээ угалзнаас бүтнэ.

Монгол хувцас алт, мөнгөн зүүсгэл чимэгтэй байдаг. Эрэгтэйчүүдийн агсарга бүсний үндсэн зүүсгэл хэт, хутга, бэл, аяга, хөөрөгний даалин сэлт болно. Мянгад, буриад ястнаас бусад Монгол эмэгтэйчүүд бэл санжуурга зүүдэггүй. Морь унахад боодог хормойн боолт арьс шир, алт мөнгөний дархны өвөрмөц хийцтэй урлал юм. Монгол урчуул хувцас хунарын тоног засал хийхдээ ган сийлбэр, хатаах, ширээх, жийжүүдэх, алт, мөнгө өргөх зэрэг бүхий л аргыг чадамгай хэрэглэдэг байв.


Түших төрийн гутал  
Үзсэн: 2039 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй