Шууд Chart

Залуу начинд олгодог хурдан удмын дааганы эзэн

2022-02-07 11:21:47

Сайжруулагч хэмээх усан бар жилийн сар шинийн баярт зориулсан хүчит 256 бөхийн барилдаан хоёр өдөр үргэлжилж, түрүү бөхөөр аймгийн заан Э.Мөнхжаргал түрүүлсэн билээ.

Тэрбээр өдгөө 26 настай бөгөөд Архангай аймгийн Хотонт сумын харъяат юм. 1963 оноос зохион байгуулагдсан тус барилдаанд аймгийн заан цолтой бөх түрүүлсэн шинэ түүхийг бичив.

Иймд түүний талаар товч мэдээлэл хүргье.

Э.Мөнхжаргал самбо, жүдо бөхийн суурьтай. 2015 онд сумынхаа баяр наадамд үзүүрлэн, сумын начин цол хүртэж, бөхийн замналаа эхлүүлсэн бол 2017 онд сумандаа түрүүлж, сумын заан цол хүртэв. Гавьяат дасгалжуулагч Ц.Шийрэв багшийн удирдлага дор “Сүлд” спорт хороонд бэлтгэл сургуулилтаа хийж, 23 насандаа Дархан-Уул аймгийн баяр наадмын үзүүр, түрүүг булаалдаж, аймгийн заан цол хүртэж байв.

Харин өнгөрсөн онд аймгийнхаа баяр наадамд зодоглон тав давж, зургаагийн даваанд тухайн наадмын түрүү бөх аймгийн харцага Б.Батсайханд тахим буулгасан түүхтэй.

Өнгөрсөн зун улсын баяр наадам цуцлагдсан ч залуучуудын байгууллага үүсч хөгжсөний 100 жил, үндэсний бөхийн холбооны 30 жил, Монгол бөхийг дэлхийн дээд амжилт Гиннест бүртгүүлсний 10 жилийн ойд зориулсан "Үндэсний бөх-Үнэт өв" хүчит бөхийн барилдаанд тав давж, хамгийн залуу начинд олгодог хурдан удмын даагаар шагнуулж байв.

Гэвч тэрхүү барилдаанд улсын цол олгоогүй юм. Тодруулбал, нэгийн даваанд аймгийн арслан Б.Гончигтавхайг, хоёрын даваанд улсын начин М.Эрдэнэбатыг, гурвын даваанд улсын харцага Ш.Пүрэвгарьдыг, дөрвийн даваанд улсын аварга С.Мөнхбатыг, тавын даваанд улсын начин О.Мөнх-Эрдэнийг тус тус давж, зургаагийн даваанд аймгийн арслан Э.Ууганбаярт өвдөг шороодсон билээ.

Харин энэ жилийн сар шинийн барилдааны нэгийн даваанд улсын начин Т.Дүгэрдоржийг, хоёрын даваанд улсын заан М.Өсөхбаярыг, гурвын даваанд цэргийн арслан Л.Отгонбаатарыг, дөрвийн даваанд улсын аварга П.Бүрэнтөгсийг, тавын даваанд улсын начин Ч.Батчулууныг, зургаагийн даваанд улсын гарьд Б.Гончигдамбыг, их шөвөгт улсын гарьд М.Бадарчийг, эцэст нь улсын заан Б.Пүрэвсайханыг орхиж, түрүүлсэн юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Залуу начинд олгодог хурдан удмын дааганы эзэн  
Үзсэн: 655 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй