Шууд Chart

"Sweetymotion", “Бөртэ” хамтлагийнхны ноён нуруу болсон эрчүүд

2013-07-19 12:38:06

1."Sweetymotion" хамтлагийнхны  “эрх цэнхэр ишиг” Чинбаа

2010 онд АНУ-д зургаан жил суралцаад эх орондоо ирэхдээ уран бүтээлийн багагүй олз омогтой буусан  "Sweetymotion" хамтлагийнхан шинэлэг санаа, өвөрмөц шийдлүүдээр дүүрэн NUMBER ONE тоглолтоо үзэгч түмэндээ барьж багагүй шуугиан тарьж байсан билээ.
 
Тэгвэл "Sweetymotion" хамтлагийн гишүүн Сарнай, Хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч, продюссер Б.Чинбат  нар дараа жил нь хөөрхөн охиноо гадагшаа явж төрүүлсэн бөгөөд өдгөө урлагийнхны хайр хүндлэлийг хүлээсэн гэр бүлийн тоонд зүй ёсоор багтдаг.
 
 
Тэгээд ч продюссер Б.Чинбатын амжилт, алга ташилтын нүргээн "Sweetymotion" хамтлагтай   хамтдаа явдаг гэхэд хилсдэхгүй.
 
АНУ-аас ирсэн даруйдаа 25-р суваг телевизийн “Миний муусайн найзууд” цэнгүүнд найз нөхөд, урлагийнхантай хамт оролцон нэгэн үдшийг халуухан өнгөрүүлж байсныг уншигч та санаж байгаа болов уу?
 
Цэнгүүний үеэр Чинбаа өөрийн шинэчлэн тоглосон алдарт “Мандухай цэцэн хатан”-ыг эгшиглүүлэхэд Сарнай суудлаасаа босож, нүдээ анин сонссоноор урлагийн гэр бүлийн нандин мэдрэмж, бие биенээ хүндэтгэн хайрлахуйн гайхамшигийг үзэгчдэд жинхэнэ утгаар нь мэдрүүлээд өгсөн.
 
Саяхан тэр хоёр ”Жигүүр гранд” группийн Зайсангийн аман дахь тансаг зэрэглэлийн  600 саяын өртөгтэй  “Хунгийн төгөл”-д пентхаус худалдан авч, уран бүтээлийнхээ олз омгоор баян амьдарч болдогийн жишээг харуулсан билээ.
 
 
"Sweetymotion" хамтлагийнхан Чинбаагаа эрх цэнхэр ишиг мэт энхрийлэн тойлж, телевизийн ярилцлаганд орохынх нь өмнө хүртэл бүгдээр бүгдээрээ энгэсэг кремээр гоёж өгдөг нь их хөөрхөн харагддаг хэмээн нэгэн сэтгүүлч ам алдсан нь бий.
 
2. Мартах учиргүй ятгын хатан хааны нөхөр Д.Ганпүрэв
 
2000 онд Герман улсад байгуулагдсан "Бөртэ" хамтлаг дэлхийн тавцанд эх орныхоо нэрийг 10 жилийн турш тасралтгүй гаргаж, ардын урлагийг сурталчилж явсан билээ.
 
2010 онд Бөртэ хамтлагийнхан эх орондоо уран бүтээлээ хийхээр зорин ирцгээж өөрсдийн шилдэг бүтээлүүдийнхээ цоморлогоос бүрдсэн гайхалтай тоглолтыг өргөн барьсан бөгөөд тоглолтод NUMBER ONE тоглолтоо хийгээд удаагүй байсан  "Sweetymotion" хамтлагийнхан хүрэлцэн ирж ая дуугаа өргөж байсан удаатай.
 
Тухайн үед хилийн чанадад олон жилийн турш уран бүтээлээ туурвисан эл хоёр хамтлаг хоорондоо хэдхэн хоногийн зайтай тоглолт хийснээр монголчууд дэлхийн урлагийн хөгжлөөс хол тасарчихаагүй явааг гэрчилсэн гайхалтай хэрэг болсон гэхэд хилсдэхгүй.
 
 
Тэгвэл Бөртэ хамтлагийн гол ноён нуруу болсон хамтлагийн ахлагч, хөгжмийн зохиолч Д.Ганпүрэв, Азийн ятгын хатан хаан өргөмжлөлт Ч.Мөнх-Эрдэнэ нар өрх гэрт толгой холбон амьдраад даруй хоёр хөөрхөн хүүхдийн эцэг эх болсон гэдгийг хүн бүр мэддэггүй болов уу?
 
"Ингэн тэмээний нулимс", "Шар нохойн там", "Чингисийн хоёр загал" киноны хөгжмөөрөө дэлхийд нэрээ гаргаж, АНУ-ын Манхэттэнд болсон А зэрэглэлийн олон улсын кино наадмын "Шилдэг киноны хөгжим" шагнал хүртэж явсан Д.Ганпүрэв өдгөө гэр бүлийхээ хамт эх орондоо даруухан амьдарч байгаа.
 
Хөгжмийн зохиолч Д.Ганпүрэв эртний монгол гарвалтай хөгжмийн зэмсгүүдийг олж илрүүлэх нүсэр том судалгааны ажил эхлүүлээд уран бүтээлдээ түр завсарлага авсан бөгөөд түүний нэг онцлог нь “Би” хэмээх үзлээр цээжээ дэлдэх туйлын дургүй нэгэн. Тийм ч учраас хэвлэл мэдээллийнхний хурц хараанаас дөлсхийн, нам гүм амьдрахыг чухалчилдаг.
 
Мөн эхнэр Ч.Мөнх-Эрдэнэ  ятга хөгжмийн талаар ямар ч мэдлэггүй охинд багшлан шавь нь ихэд гараа сайтай эхэлсэнд урамшиж, өөрийгөө багшлах эрдэмд дасгахаар шийджээ. Эдүгээ ХБК-д цагийн багшийн ажил хийж, ятга тэвэрсэн хөөрхөн хүүхдүүдээр хүрээлүүлэн суух болсон гэнэ.
 Бөртэ хамтлагийн “Говь” бүтээлийг сонсож тайтгардаггүй монгол гэж үгүй болов уу? Монголчуудын нэр хүндийг дэлхийн тавцанд өргөж явсан нууцлаг хөгжмийн зохиолч нэгэнтээ “уран бүтээлийнхээ үр шимээр баялаг амьдралыг бүтээж чадсандаа баяртай байна” хэмээсэн нь бий.
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

"Sweetymotion", “Бөртэ” хамтлагийнхны ноён нуруу болсон эрчүүд  
Үзсэн: 5250 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй