Шууд Chart

Хэрвээ тэр Парист медаль хүртвэл олимпын наадмаас таван медаль хүртсэн анхны хүн болно

2022-02-14 09:59:58

Азербайжан Улсын эмэгтэй чөлөөт бөхийн ноён оргил, алдарт Мария Стадник UWW-д өгсөн ярилцлагадаа 2024 онд Парист болох зуны олимпын наадамд оролцох бодолтой байгаагаа мэдэгдэж зодог тайлсан тухай цуурхалд цэг тавилаа.

Хоёр хүүхдийн ээж болсон тэрбээр өдгөө 33 настай бөгөөд “Надад тулалдах хүсэл байгаа л бол бүх хүч чадлаа биелүүлэх ёстой. Би Токиогоос буцаж ирсэн даруйдаа тамирчны замналаа үргэлжлүүлэхээр шийдсэн. Миний гэр бүл, найз нөхөд маань ч надад итгэдэг. Хүү маань намайг хүчтэй гэж хэлдэг. Үргэлжлүүлэн барилдаасай гэж хүсч байгаа" гэжээ. Украинаас гаралтай Стадник 2008 оноос олон улсын түвшинд барилдаж эхэлснээс хойш ердөө 10-хан удаа ялагджээ.

Түүний медалийн цуглуулгад олимпын хоёр мөнгө, хоёр хүрэл, ДАШТ-ий хоёр алт, гурван мөнгө, нэг хүрэл медаль байдгаас гадна Европ тивийн 10 (Европын наадмын хоёр түрүүг оролцуулаад) алтан медаль бий.

Эмэгтэй чөлөөт бөхийн төрлөөр Японы домогт аваргууд болох Каори Ичо, Саори Ёшида нар л олимпын наадмаас дөрвөн удаа медаль хүртсэн байдаг. Хэрэв Стадник хоёр жилийн дараа Парист медаль хүртвэл олимпын наадмаас таван медаль хүртсэн чөлөөт бөхийн анхны хүн болж түүхэнд нэрээ үлдээнэ.

Түүний хувьд Парисын олимпод зодоглоход 35 нас, 8 сартай байх бөгөөд өөрийгөө хэт их ядраахгүйн тулд ачааллаа багасгаж өмнөх шигээ олон тэмцээнд оролцох бодолгүй байгаа гэнэ.

Хэдийгээр энэ жил ямар тэмцээнд оролцохоо мэдэгдээгүй ч шинэ олимпын циклийн анхны тэмцээн нь ирэх гуравдугаар сард Будапештэд болох ЕАШТ байж болзошгүй.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Хэрвээ тэр Парист медаль хүртвэл олимпын наадмаас таван медаль хүртсэн анхны хүн болно  
Үзсэн: 709 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй