Шууд Chart

Шинэ аварга Щербакова

2022-02-18 12:14:30

Бээжингийн олимпийн хамгийн сэтгэл догдлуулсан өдөр бол энэ өдөр. Яагаад гэвэл ертөнцийг гоо сайхнаараа аврагч охид бүсгүйчүүд уян налархай хөдөлгөөнөөрөө бөмбөрцгийг бүүвэйлэх өдөр.

18 цагаас эхлээд гулгагчид цуварч эхлэв. Камилагийн дуулианд үзэгчдийн тоо өмнөх үеүүдээс хол илүү бсан болов уу. Дэлхий даяар л зурагтынхаа өмнө суугаа биз. Тэр тойм тайзанд өөрийгөө харуулна гэдэг тэдгээр охидод нэр төрийн хэрэг бсан буй заа.

Явсаар 21 цагийн үед топ 6 гарч ирлээ. 3 орос, 3 ази охин. Эхлээд Солонгосын Юү Янг гарсан. Түүнд нэг давуу тал бий. Бусдыгаа бодвол дарамт үгүй. Үзүүлбэр давгүэ. Харамсалтай нь хамгийн өндөр оноог авчрах учиртай гурвалсан Аксель дээрээ дэгэн догон байлаа. Ая дуусахад биеийн хэл нь охидын хоорондох өрсөлдөөнд дотроо шаралхсан мэт. Юутай ч өмнөх бүх оролцогчоо оноогоор тэргүүлж чадсан. Медал бол хэцүү дээ.

 Араас нь Японы Вакаба Хигучи явсан. Ая нь Араатны хаан арслан, хувцаслалт нь ч эрслэн. Богино үзүүлбэрт түүн шиг гурвалсан Акселийг цэвэрхэн гүйцэтгэсэн гулгагч үгүй. Өнөөдөр бас тэр үсрэлтээ эхэлж хийв, бас гоё гүйцэтгэв. Дараагийн гурвалсан үсрэлт дээрээ харин унаж орхив. Гэхдээ бусад гурвалсан үсрэлтүүдээ амжиллтай хийсээр үзүүлбэрээ өндөрлөхөд түүний нийт оноо Янгаас 1 оноо илүү буюу 214.44 оноо. Түүний хувьд карриерынх нь хамгийн өндөр оноо.

За ингээд Александра Трусова гарч ирлээ. Энэ охины спортын замнал бас л түүхийг бичнэ дээ. Өсвөр үедээ 2 жил дараалан дэлхийд босоо байлаа. Дэлхийн рекорд хийгээд л. Дөрвөлсөн үсрэлтүүд хийгээд эхлэхэд нь дэлхий түүний талаар шуугиж байв. Насанд хүрэгчдийн тэмцээнд ороод ч шуугиулсан хэвээр. Дэлхийн дээд амжилтыг тогтоосоор. Дөрвөлсөн үсрэлтийг нэг дор 3 удаа урьд өмнө хэн ч харуулж байсангүй. Загитова, Медведева нарын архагуудыг тэтгэвэрт нь явуулсан охин бол чухамдаа Трусова юм шд.

Коронатай 20 оны хавар дасгалжуулагч Этери тэр 2-ын дундуур хар муур гүйсэн гэдэг. Тэр домогт Плющенкод шавь орлоо. 21 оны дэлхийн аваргаар чөлөөт үзүүлбэр жинхэнэ паакталж тээр хол 12-р байранд орсон. Гэсэн хэдий ч чөлөөтөд 2-т нь унасан хэдий ч 5 удаа дөрвөлсөн үсрэлт хийн шүд зуун тэмцсэнээр хүрэл медал авч байлаа. Тэр удалгүй Самбо 70 бэлтгэлийн төв рүүгээ явж Этери дээр хадаг барин очсоноор хуучин багш шавийн барилдлага эргэн тогтсон түүхтэй.

12 оноог барьж хүрэл дээр бууж байсан тэр Бээжинд 8 оноог идээд түрүүлчих ч юм билүү. Хүн бүр л Анна ба Камила гэж шуугих хооронд тэр голоор нь гүйхийг хэн байг гэхэв. Герман хэлэнд lachender Dritter гэсэн хэлц бий. Инээж буй гурав дахь хүн.  2 хүний тухай шуугиж, тэр 2 нь хоорондоо алалцах зуур гэнэтхэн гуравдагч этгээд гарч ирээд ялагчаар тодрохыг хэлдэг. Потенциал бол бий.

Таван үсрэлтээс 2 нь асуудалтай. Гэхдээ тэр үнэхээр эрэмгий охин юм. Одоо жаахан бүжих тал дээрээ анхаарчвал. Спорт талаа хэт бариад урлаг талаа жаахан орхигдуулаад бдаг. Гэхдээ хүн өөрийнхөө давуу талыг түлхүү барих нь гол зэвсэг нь юм даа. Техникийн оноо бол аймаар. 106 оноо буюу хүснэгтийг тэргүүлэгч Янгаас бүтэн 32 оноо илүү. Ярих ч юм биш. Нийтдээ чөлөөтөд тэр 177.13 оноо авчээ. Нийлбэр дүнгээр 251.73 оноо. Аль аль нь түүний карриер дахь рекорд.

Трусовагийн зүрх зориг нэвт шувт үнэртсэн үзүүлбэрийн дараа япон охин Каори медалаас мултарсан мэдрэмж өөрийн эрхгүй төрөв. Тэр орос охидод яаж ч хичээгээд хүрэхэд бэрх л дээ. Тохой дутуу гулгагч.

Каори Сакамото одоо зүгээр л сайхан гулгаад өөрийнхөө хэмжээнд хамгийн сайнаараа дэлхий нийтэд өөрийгөө харуулах хэрэгтэй. Техникийн хувьд Оросын их гурвалыг барахгүй. Нэг талын тун азгүй тамирчин. Дандаа медалаас мултарна, дандаа медалийн тавцны ард жагсана.

Гурвалсан үсрэлтүүд нь тун чиг чамбай байлаа. Ялангуяа төгсгөлийн гурвалсан лүүп ёстой тансаг. Ингээд оноо зарлахад чөлөөтөөс 153.29, нийлбэрээр 233.13 оноо. Хоёулаа карриерийн бест. Цэмцгэр үзүүлбэр байлаа.

За одоо зүрх жинхэнээсээ савлаад эхлэв. Анна Щербакова гараад ирлээ. Ноднингоо бодвол бага зэрэг хүүхэн тал руугаа явж. Янзага юмаа, янзага юм. Ямар ч турьхан юм. Сэр Алекс Роналдог анх ирэхэд хүмүүсээс нэг өмөөрч билээ. Мань хүн бөмбөгтэй явах үед хэн нэг нь явж очингуут салхи шиг хийсчдэг байлаа. Худлаа унаад бн гэж бусад нь дургүйцэхэд САФ Та нар түүн шиг хурдтай бөмбөгөө туугаад үз, өчүүхэн контакт ороход л та нар ч гэсэн унана гэж хамгаалж байв. Аннаг гулгаж байхад контакт байтугай хурууны үзүүрээр хатгахад тэр хол тэрий хадахаар турьхан харагдхийм даа.

Манай 70-аад оныхон болон өмнөх 60, 50-аад оныхон андахгүй дээ. Эхлээд номыг нь уншиж, дараа нь киног нь үзсэн. Агуу Булгаковын Мастер Маргарита хоёр. Тэр чигээрээ бөөн драма зохиол л доо. Оросын утга зохиол агуу, энэ зохиол тэр дунд том байр эзэлнэ. Киноных нь ая зохиол шигээ драма.

Анна гайхалтай чамин хувцсан дээр энэхүү гайхамшигтай аяыг сонгожээ. Ер нь ая сонголт хамгийн чухал. Яагаад би Ягудиныг тэртээ 2002 онд гулган аваргалж байхад Плющенкогоос илүү, Ханюгаас илүү бсан гэж хэлдэг гэхээр тэр аяндаа өөрийгөө төгс зохицуулсан юм. Өвлийн хүчтэй салхинд тэр туугдаж нэг, сөрж нэг гулгасаар өөрийгөө илэрхийлсэн. Уран гулгагч хүний биеийн хэл яг л ийм бх ёстой.

Анна надад 2002 оны Ягудиныг өөрийн эрхгүй санагдуулав. Аяндаа тэр бүрэн уусчээ. Ягудин техникийн хувьд супер байгаагүй. Анна техникийн хувьд тийм төгс байсангүй. Ердөө 2-хон удаа дөрвөлсөн үсрэлт. Одоо цагт аваргын төлөө өрсөлдөх хүнд энэ дэндүү чамлалттай. Гэхдээ тэр балансыг барьж үнэхээр чадав. Спорт талаа ч цэмцгэр авч явлаа, урлаг талаа ч гайхалтай өмчилж чадлаа. Хэдий 2 удаа дөрвөлсөн үсрэлт хийсэн ч тухай бүрд нь цэмбэгэр байв. Бусад гурвалсан үсрэлтүүдээ ч чамбай гээч нь гүйцэтгэсэн. Тиймдээ ч тэр тэр техникийн оноондоо 100-ийн босгыг давж чадсан. Чөлөөтөөс тэр 175.75 оноо авав. Хувийн шилдэг үзүүлэлт. Нийлбэр дүнгээр 255.95 оноо. Мөн ялгаагүй карриерын бест.

Тэр дэлхий нийтэд өөрийгөө харуулчихаад дасгалжуулагч руугаа явахдаа тун сэтгэл хангалуун харагдав. Богино үзүүлбэр дээрх биеийн хэлээс энэ удаад шал өөр харагдаж байлаа. Хийх юмаа хийчлээ, одоо юу болохыг харий л гэж бгаа нь илт. Бас ч гүргэр охин шүү. Ноднин орондоо халуурч хэвтэж байгаал дэлхийд түрүүлцэн гулгагч даа. Уран гулгалтын замнал нь бас л бөөн ээдрээ. Спортын хүн тэр бүх ээдрээг давж байж л спортын хүн болох юм даа.

За ингээд оргил мөч. Татар охин Камила Валиева. Цус нэгтэй болоод ч тэр үү, түүн дээр ямар их дарамт байгааг ч хэлэх үү, би энэ олимпоор түүний төлөө захаа мушгиж буй.

Ямар ч үзэсгэлэнтэй охинб, яасан ч өхөөрдөм бондгор золигов. Алдарт Болерог сонгожээ. Уран гулгалтын хувьд үнэхээр төгс аялгуу л даа. Бүх аязуудаас хамгийн ихээр мөсөн талбайд тоглогддог нь яах аргагүй энэ Болеро.

Сүүлийн хүн нэг талаар хамгийн хэцүү. Бусад нь хийх юмаа хийчээд хүлээгээд сууж буй. Сүүлийн хүний үзүүлбэр маш олон зүйлийн учгийг тайлна. Энэ утгаараа бөөн дарамт.

3 удаа дөрвөлсөн үсрэлт хийх нээ. Болж бнаа. Аннагаас нэгээр илүү гэхээр илүү техникийн оноо авах боломжтой. Трусовагаас 2 үсрэлт дутуу ч 8 оноо илүү явж буй тул амьсгаа авахтайгаа.

Ээ юу болчвоо. Мордохын хазгай гэгчээр эхнээсээ бүдрээд тэр чигтээ контролоо алдчих нь тэр. Амжилттай болсноос амжилтгүй болсон үсрэлтийг тоолбол илүү жин дарна. Харахад үнэхээр нүд хальтрам. Боксоор бол эсрэг тоглогчдоо нүүр нүдгүй нүдүүлж байлаа. Гэхдээ буцах зам үгүй. Чи тайзан дээр нэг л гарсан бол үхсэн ч сэхсэн ч хамаагүй хамгийн сайнаараа төгсгөх ёстой. Тэр дуусгав. Оноо 141.93, нийлбэрээр 224.09. Байнд ч гүй, банзанд ч гүй хоцорчээ.

Бүх юм нэгэнт болоод өнгөрсөн. Одоо яагаад гэдэг дээр анализ хийх л үлдсэн. Өнгөрсөн цаг хугацааг буцааж эргүүлэх боломжгүй. Хамгийн том нөлөөллийг би барууны хэвлэлүүдэд өгнөө. Олимпийн өмнө бүтэн сар шинжилгээ өгчөөд сөрөг гараад байхад л чичирсээр байгаад оноос өмнө хаа бсан Оросын тэмцээнээс өө олоод наасан. Тамирчин хүн бэлтгэлээ л хийх ёстой. Гэтэл тэр бэлтгэл хийх биш, шүүхийн танхимд бүтэн 7 цаг суусан. Орой нь өрөөндөө очоод тайтгарч чадахгүй дахиад хэдэн цагаар уйлсан гэнэ лээ.

Нэмээд дотоодын дарамт. Үзэгчид бүгд Чи бол Орос орон гэсэн мессежийг түүнд өгч явуулсан. Баг доторх өрсөлдөөн ч нөлөөлсөн. Бусад нь дэлхийн аваргын дэвжээнд гарч дарийн утаа үнэрлэж хашир суусан бол тэр анх удаа дэлхийн тавцанд гарав. Тэмцээний туршлага, сэтгэлзүй гээл юм юм л давхцчих шиг боллоо. Энэ бүхнийг бяцхан зүрх дийлсэнгүй дээ. Гэхдээ зүгээр. Ингэж байж л аварга болно. Түүнд нас хангалттай бий. Төрмөл аварга өөрийгөө хэзээ ч харуулж чадна. Тэр бол төрмөл.

Түүнд ордон тэр чигээрээ алга ташин дэм өгсөн нь тун таатай байлаа. Загитова, Медведева нарын акулууд түүний ард зогсжээ. Хамгийн сэтгэл хөдөлгөсөн зүйл нь Анна аварга болсон хэрнээ огт царайны хувиралгүй түүний төлөө алгаа ташин дэмжиж байсан явдал байлаа. Барууныхан пойлдож бх цаг дор тэд нэгдмэл байр суурьтай байж, нэгнийхээ ард зогсож буйг харах хөндлөнгийн маньд бол аятайхан байв.

Трусова харин хүлээлгийн өрөөнд харагдсангүй. Сайхь охин богино дээр унаагүй бол, өнөөдөр нэг үсрэлт дээрээ том алдаагүй бол алт кармаанд нь орцон л бж дээ. Гэхдээ спортод Хэрвээ тэгсэн бол гэж бх биш дээ. Аннагийн од гийх өдөр байж.

Аннад агуу аваргын буурь байнаа бн. Тэмцээний дараах ярилцлагыг нь уншихад мэргэжлийн тамирчдын хэлээр ярьж. Зарим болсон болоогүй аваргууд савнаасаа хальж яваа харагддаг л юм.

За ингээд магадгүй бүх үеийн хамгийн дуулиантай олимпийн уран гулгалт өндөрлөв. Үеийн үед энэ төрөл сэтгэл хөдөлгөдөг, шуугиан дэгддэг. Гэхдээ энэ удаагийнх шиг савлагаатай нь үгүй. 1994 оны Лиллэхаммерын олимпоор Тоня Хардин болон Нэнси Кэрриган нартай холбоотой дуулиан дэгдэж байсан нь нэг савлуулж бсан. Гэхдээ тэр хэрэг 2 жилийн өмнөөс улбаатай явсан болохоор шуугиан нь энэ удаагийнхыг бодвол арай бага бсан. Дээрээс нь интернэтгүй цаг л даа.

Анна олимп болон дэлхийд аваргалж дархан аваргуудын эгнээнд хүч түрэн орлоо. Трусова зоримог дайралт хийж мөнгө дээр буулаа. Дандаа азгүйтдэг Сакамото медалын оосроос атгаж амьдралынхаа утга учрыг амтлав. Камила маань болсонгүй дээ. Гэхдээ тэр заавал эргэж ирэх болно. Тэр цагт энэ тоймоос урт тоймыг бичих болно. Амлаж байна.

Л.Олонбаяр

Нийтэлсэн: У.Баярсайхан

Шинэ аварга Щербакова   
Үзсэн: 625 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй