Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ХБНГУ-ын Бавари муж улсын Засгийн газрын Европ, олон улсын асуудал хариуцсан Төрийн сайд, хатагтай Мелани Хумл нар 2022 оны хоёрдугаар сарын 18-ны өдөр “Prinz-Carl-Palais” төрийн шилтгээнд уулзав.
Төрийн сайд Мелани Хумл цар тахлын амаргүй үед Аюулгүй байдлын асуудлаарх Мюнхений бага хуралд оролцохоор хүрэлцэн ирсэн Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт талархал илэрхийлэв. Тэрбээр Баварийн 120 гаруй компани, аж ахуйн нэгж Монгол Улстай холбоотой үйл ажиллагаа явуулдгийг дурдаад, цаашид худалдаа, эдийн хамтын ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлэх боломжтойг онцолж байв.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Холбооны Засгийн газар Монголын ардчиллыг анхнаас нь тууштай дэмжиж ирсэн, тэр дундаа Бавари муж улсын нийслэл Мюнхен хотноо төвтэй Ханнс-Зайделын сангийн Монгол дахь төлөөлөгчийн газар 1993 оноос хойш 30 орчим жил үйл ажиллагаа явуулж, эрх зүйн шинэтгэл, хууль тогтоомжийг боловсронгуй болгох, хууль зүйн дээд боловсрол олгох сургалтын тогтолцоог сайжруулах зэрэг чиглэлээр идэвхтэй хамтран ажиллаж ирсэнд талархал илэрхийлэв.
Уулзалтын үеэр талууд хөнгөн үйлдвэр, цахим инноваци, технологи, хөдөө аж ахуй, байгаль орчин аялал жуулчлалын салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх, эдгээр салбарт үйл ажиллагаа явуулж буй хувийн хэвшил хоорондын харилцааг идэвхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, мөн бизнес форум зохион байгуулах боломжийг эрэлхийлж ажиллахаар тогтов.
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.