МУИС-тай холбоотой асуудал сенсаци дагуулсаар байгаа билээ. Тиймдээ ч МУИС-д бүтцийн өөрчлөлт хийхээр эрдэмтэн багш нарын баг томилсон боловч багш нарын дунд үүссэн үл ойлголцлоос болж энэ ажил зогсонги байдалд хүрээд байгаа юм.
Тэгвэл бүтцийн өөрчлөлт хийх багт ажиллаж буй багш нараас дараах мэдэгдлийг гаргасан байна.
Мэдэгдэл
“Бидний хэсэг дэд захирал, салбар сургуулийн захирал, дэд захирал, сургалтын алба, тэнхимийн эрхлэгч нар сургуулиа дэлхийн энтэй судалгааны их сургууль болгох үзэл санаанд нэгдэж МУИС-ийн бүтцийн ѳѳрчлѳлтийн ажлын хэсэгт эхнээс нь манлайлан ажиллаж, бүтцийн ѳѳрчлѳлтийн үндсэн үзэл санаа, зарчим, загвар, тѳлѳвлѳгѳѳ, хэрэгжүүлэх арга замыг боловсруулж, улмаар түүнийг хэрэгжүүлэхийн тулд салбар сургуулийн захирал, дэд захирал, сургалтын алба, тэнхимийн эрхлэгчийн албан үүргийг хүлээхийн хамт, хѳтѳлбѳрийн хороод болон бусад ажлын хэсгүүдэд орж идэвх, зүтгэл, санаачлага гарган ажиллаж, ѳѳрсдийн зүгээс болохоос нь болохгүйг хүртэл тэвчээр гарган ажиллаж ирсэн билээ.
Гэвч харамсалтай нь МУИС-ийн захирал А.Галтбаяр бүтцийн ѳѳрчлѳлтийн мѳн чанар, ач холбогдлыг гүйцэд ухамсарлаагүй, тууштай итгэл үнэмшилгүй, бодлогогүй, шийдвэргүй, үргэлж гуйвж дайвж, улмаар удаа дараагийн үйлдэл, эс үйлдлээрээ бүтцийн ѳѳрчлѳлтийн ажлыг удаашруулсан тѳдийгүй, бүтцийн ѳѳрчлѳлтийн зарчмаас гажиж, ѳѳрчлѳлтийн мѳн чанарыг алдагдуулахад хүрээд байна. А.Галтбаярт их сургуулийг удирдах, эрдмийн хамт олныг манлайлах нэр хүнд, мэдлэг, чадвар дутагдаж байгаа тѳдийгүй, байгууллагын соёл, шийдвэр гаргах эрэмбэ дэгийг үл ойшоодог, хэсэг бүлгийн эрх ашгийг ажил хэргийн эрх ашгаас дээгүүрт үздэг гэдгээ удаа дараа харуулсан. Бид А.Галтбаярын дутагдал, алдаа завхарлыг залруулахын тулд олон удаа ажил хэрэгчээр ярилцах, нѳхѳрсгѳѳр зѳвлѳх, гуйх, шаардахаас хэрэлдэх хүртэл оролдож үзсэн билээ. Гэтэл А.Галтбаяр биднийг эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, явцуу эрх ашгаа хамгаалав, бусдын ажилд хѳндлѳнгѳѳс оролцов, ѳѳрийгѳѳ шүүмжлэв, миний нэр хүндийг унагав гэх мэтээр буруушаах тѳдийгүй бидэн рүү элдвээр үсчин загнаж санал, зѳвлѳгѳѳ хүлээн авахаа больж, ганцаар дур мэдэн авирладаг болсон.
А.Галтбаяр зѳвхѳн биднийг тѳдийгүй бүтцийн ѳѳрчлѳлтийг анхнаас нь дэмжиж, түүнийг үндсэн үзэл санаа, зарчмынх нь дагуу хэрэгжүүлэх гэсэн олон шилдэг эрдэмтдийн санал, шүүмжлэлийг үл ойшоож, их сургуулийн захирал байтугай, эрдэмтэн хүн, эрдмийн орчинд тэвчиж болшгүй ёс суртахуунгүйгээр авирлаж, санал санаачлага гаргасан багш, эрдэмтдийг албан тушаалаараа айлган загнан сүрдүүлж, тэдний хүсэл зориг, ажиллах эрмэлзлэлийг мохоож, ѳѳрѳѳ дур мэдэн авирлах нь хэрээс хэтрээд байна.
Түүгээр ч барахгүй А.Галтбаяр нь хууль ёсыг уландаа гишгэж, ѳѳрийн удирдлагад ажилладаг албан тушаалтнуудаар хууль бус үйлдэл хийлгэхээр удаа дараа шахан дарамталсан тѳдийгүй, МУИС-ийн эрх ашгийг ухамсарлаж хамгаалахын оронд харин түүнээс урвасан үйлдлүүдийг дур мэдэн хийх болсон. Энэ байдал хууль ёсыг дээдэлдэг, МУИС-ийн эрх ашгийг хамгаалахыг эрхэмлэдэг бидний гайхшрал, зэвүүцлийг тѳрүүлж байна.
А.Галтбаярын энэ бүх үйлдэл дан ганц МУИС-ийн бүтцийн ѳѳрчлѳлт тѳдийгүй МУИС-ийн ирээдүйн хѳгжлийн талаарх бидний үзэл баримтлал, байр суурь болон бидний үнэт зүйлс, ёс суртахуун, ажлын арга барилтай огт тохирохгүй болсон тул бид цаашид түүнтэй хамтран ажиллах боломжгүй гэж үзэж байна. Тиймээс бид МУИС-ийн дэд захирал, бүрэлдэхүүн сургуулийн захирал, дэд захирал, сургалтын алба, тэнхимийн эрхлэгчдийн албан тушаал, хѳтѳлбѳрийн хороо болон бусад ажлын хэсэгт хүлээсэн үүргүүдээ хүлээлгэн ѳгѳхѳѳ албан ёсоор мэдэгдээд байна.
МУИС-ийн олон зуун багш нар бүтцийн өөрчлөлтийн ач холбогдлыг ойлгож, эдүгээ эрдмийн зэрэг, цолтой профессор багш нарын олонх нь хөтөлбөрийн хороодод ажиллаж, дэлхийн шилдэг их сургуулиудын хөтөлбөрийг судлан, сургалтын шинэ хөтөлбөрүүдийг боловсруулахын тулд хичээл зүтгэл гарган, илүү цагаар хөдөлмөрлөж байгаа ч А.Галтбаярын увайгүй үйлдлээс шалтгаалан МУИС-ийн шинэчлэл хүндрэлд орж, нийт хамт олны нөр хөдөлмөр талаар өнгөрөхөд тулаад байна. Бид шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлэхэд хүлээсэн үүрэг хариуцлагаа бүрэн дүүрэн ухамсарлаж байгаа бѳгѳѳд үүссэн нѳхцѳл байдлаас шалтгаалан арга буюу ийм үйлдэл хийхэд хүрээд байна. Гэхдээ бид МУИС-ийн бүтцийн болон хөтөлбөрийн шинэчлэлийг зөв, шуурхай, тууштай удирдлагаар хангавал шинэчлэлийг үндсэн үзэл санаа, зарчмынх нь дагуу амжилттай хэрэгжүүлэх бүрэн дүүрэн боломжтой гэдэгт итгэлтэй байгаа болно.
Мэдэгдэл гаргасан:
Др. Л. Мѳнх-Эрдэнэ, Гадаад харилцаа, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал
Др. Ч. Нарантуяа, Эдийн засаг, хѳгжлийн бодлого эрхэлсэн дэд захирал
Др. Б. Болдгив, Шинжлэх ухааны сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгч
Др. Ц. Амартайван, Шинжлэх ухааны сургуулийн Сургалтын албаны эрхлэгч
Др. П. Энхбаяр, Компьютер, мэдээлэл зүйн тэнхимийн эрхлэгч
Др. П. Дэлгэржаргал, Түүхийн тэнхимийн эрхлэгч
Др. Д. Рэнцэнмядаг, Химийн тэнхимийн эрхлэгч
Др. Б. Батжаргал, Биологийн тэнхимийн эрхлэгч
Др. Г. Баярмагнай, Математикийн тэнхимийн эрхлэгч
Др. Д. Бум-Очир, Антропологи, археологийн тэнхимийн эрхлэгч” гэжээ.
МУИС-ийн багш нар мэдэгдэл гаргалаа | ||
Үзсэн: 1731 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.