Байгал нуурын Ольхон арал дээр гурав дахь жилдээ зохион байгуулсан олон улсын мөсөн сийлбэрийн тэмцээнд Монголын сийлбэрчид дэд байр эзэлжээ. Тодруулбал, сийлбэрч Ц.Мөнх-Эрдэнэ, Э.Ууганцэцэг нар "Хүннү үеэс" бүтээлээрээ оролцсон байна.
Тэдний хувьд хоёр дахь жилдээ энэ тэмцээнд оролцсон бөгөөд 2020 онд тэргүүн байр эзэлж байжээ.
Мөсөн хотхон урлаач, уран сийлбэрч Ц.Мөнх-Эрдэнэ нь өвлийн улиралд цас, мөсөөр, хавар, зун, намрын улиралд мод, элсээр сийлбэр урладаг. Залуу уран бүтээлч уран сийлбэрийн олон улсын томоохон фестивалиудад үндэсний соёл урлагаа сурталчилж, эх орныхоо нэрийг гаргаж яваа нэгэн.
Түүний хамгийн том бүтээл бол Баянхонгор аймагт босгосон “Үлэг гүрвэлийн цэцэрлэгт хүрээлэн” бөгөөд өндөр нь долоо, урт нь 15 метр үлэг гүрвэлийн баримлыг сийлбэрч Б.Дэлгэрсайхантай хамтарч хийжээ.
Монгол сийлбэрчид 2020 онд БНХАУ-ын Харбин хотод зохион байгуулагдсан цасны фестивальд “Биднийг авраач” нэртэй бүтээлээрээ тэргүүлж байв. Уг бүтээлээрээ Австрали тивийн ойн түймэрт өртсөн коала баавгай, имжийг дүрсэлсэн нь олны сонирхлыг татсан юм. Энэ тухайгаа "Уран бүтээлчид тухайн хийх бүтээлийн утга санаанд тохируулан судалгаа хийж, сэтгэж хийдэг. Энэ цаг үед Австралийн түймэр дэлхийн хэмжээний том гамшиг байлаа. Тиймээс Монголын уран бүтээлчид зөвхөн тэр улсын гамшиг биш гэдэг утга санааг агуулсан" гэсэн юм.
Сийлбэрч Ц.Мөнх-Эрдэнэ, Э.Ууганцэцэг нар "Хүннү үеэс" бүтээлээрээ дэд байр эзэлжээ | ||
Үзсэн: 687 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.