Шууд Chart

С.Удвал ахайтны амьдралаас сэдэвлэсэн кино үзэгчдэд хүрнэ

2022-02-24 10:24:46

Монголын эмэгтэйчүүдийн хороог 25 жил удирдсан, XX зууны Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын төрийн шагналт, зохиолч, яруу найрагч Сономын Удвал агсны бодит амьдралаас сэдэвлэсэн, бүрэн хэмжээний “Улаан цэцэг” уран сайхны кино ирэх гуравдугаар сарын 8-нд нээлтээ хийнэ.

Тус киног Монголын эмэгтэйчүүдийн холбооны захиалгаар “Ю фильм” уран бүтээлийн нэгдэл бүтээсэн бөгөөд кинонд С.Удвал ахайтны амьдралыг өгүүлэхээс гадна ХХ зууны Монгол Улсын бодит түүхийг харуулах ажээ.

Товч түүхээс нь сонирхуулахад тэрээр 1921 оны хоёрдугаар сарын 23-нд Булган аймгийн Дашинчилэн сумын нутагт төржээ.

Долоо орчим настай байхад нь тэднийх Булганаас нүүж Лүн, Улаанбаатараар дамжиж хоёр жил орчим болоод Өмнөговь аймагт шилжин очжээ. 1932 оноос Өмнөговь аймгийн яам, цэргийн хэлтэс, намын хооронд бичээч, 1937 онд Улаанбаатарт багшийн сургуульд ирээд, 1937 онд Эвлэлийн байгууллагын даалгавараар Дотоод яамны гал командад бичээчээр ажилласан байна.

Гал командад 1938 оны тавдугаар сараас эмэгтэйчүүдийн зохион байгуулагчдын ажил эрхэлж байгаад 1941 онд Намын шинэ хүчний сургуульд оюутан болов. Нэг жилийн дараа 1942 оноос ЗХУ-ын КУТВ буюу Дорно дахины их сургуульд суралцахаар яваад дайны жилүүд эхэлсэн учир Москвагийн хамгаалалтад сургууль нь хаагдсан учир 1944 онд нутагтаа эргэн ирмэгцээ Өмнөговь аймагт сонины эрхлэгчээр томилогджээ.

1946 онд намын шинэ хүчний сургуулийг, 1957-1960 онд Зөвлөлтийн Коммунист намын дээд сургуулийг тус тус төгссөн байна. Эдгээр сургуульд суралцах хооронд Намын төв хэвлэлүүдийн эрхлэгчийн (1947-1949) хүндтэй албыг хашжээ.

1949-1954 онд Намын Төв хорооны Эмэгтэйчүүдийн хэлтсийн эрхлэгчээр буюу одоогийн Монголын эмэгтэйчүүдийн холбооны эрхлэгч, Үйлдвэрчний Эвлэлийн Төв Зөвлөлийн дарга (1954-1957), Монголын Зохиолчдын Хорооны даргаар (1961-1973) ажилласан байна.

1962 оноос Монголын эмэгтэйчүүдийн хороо буюу өдгөөгийн Монголын эмэгтэйчүүдийн холбооны даргаар хавсран ажилласан байна.

Энэ ташрамд түүний шүлгийг дараах байдлаар хүргэе.

Өөрийнхөө тухай

Уншихад түвэгтэй ном гэлээ би
Учирхад түвэгтэй нөхөр билээ би
Уншсан хойноо хаямааргүй ном байхсан
Учирсан хойноо салмааргүй нөхөр байхсан
Хавтас нь хатуу ном гэлээ би
Ханилахад амаргүй хүн билээ би
Хавтас нь элэгдэшгүй ном байхсан
Ханилахад халгүй нөхөр байхсан
Ойлгоход ярвигтай ном гэлээ би
Олдоход жирийн нэгэн билээ би
Ойлгосон хойноо хэрэгтэй ном байхсан
Олдсон хойноо марташгүй нөхөр байхсан. 

Нийтэлсэн: У.Баярсайхан

С.Удвал ахайтны амьдралаас сэдэвлэсэн кино үзэгчдэд хүрнэ   
Үзсэн: 867 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй