Бүгд Найрамдах Австри Улсын Вена хотноо 2022 оны хоёрдугаар сарын 24, 25-ны өдрүүдэд болсон Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Парламентын Ассамблейн 21 дэх өвлийн хуралдаанд Монгол Улсын Их Хурлыг төлөөлж УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейтай харилцах бүлгийн дарга Д.Цогтбаатар оролцов.
Ассамблейн хуралдаанд ЕАБХАБ-ын гишүүн 57 улсын 120 гаруй парламентчид оролцож байгаа бөгөөд өнөөдрийн хуралдаанаар бүс нутагт тулгамдаж буй улс төр, аюулгүй байдлын хурцадмал асуудал, тэр дундаа Украинд эхлээд буй зэвсэгт мөргөлдөөн, зөрчлийн талаар эрчимтэй хэлэлцүүлэг өрнөв.
Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар Италийн Парламентын төлөөлөгчдийн тэргүүн Паоло Гримолдитэй уулзаж, ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн хүрээнд харилцаагаа өргөжүүлэх, хамтран ажиллах тодорхой чиглэлүүдийн талаар санал солилцов. Италийн Парламентын төлөөлөгчдийн тэргүүн Паоло Гримолди Улаанбаатар хотноо ажиллаж, парламент хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх сонирхлоо илэрхийлэв.
Мөн УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар Беларусийн Парламентын төлөөлөгчдийн тэргүүн Андрей Савинихтэй цахим уулзалт хийж, парламент хоорондын харилцаа, хамтын ажиллагааг дэмжин ажиллах талаар ярилцсан байна.
Түүнчлэн энэ өдөр УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар Шведийн Стокхольм хотноо төвтэй Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэнгийн зөвлөхүүдийн зөвлөлийн (төлөөлөн удирдах зөвлөл) уулзалтад тус зөвлөлийн гишүүний хувиар анх удаа цахимаар оролцож, зөвлөлийн гишүүнээр ажиллах хугацаандаа тэргүүлэх чиглэл болгон ажиллах асуудлаа танилцуулж, санал солилцов гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
| УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар ЕАБХАБ-ын парламентын ассамблейн 21 дэх өвлийн хуралдаанд оролцов | ||
| Үзсэн: 1386 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.