Шууд Chart

П.Н.Шастины гэр бүлээс захидал ирүүлжээ

2014-06-11 12:07:53

Улсын гуравдугаар төв эмнэлэг 60 жилийн ойн хүрээнд тус эмнэлгийг үүсгэн байгуулахад түүхэн гавьяа байгуулсан П.Н.Шастины үйл хэргийг алдаршуулах үйл ажиллагааг зохин байгуулж байна. 

Энэ үйл ажиллагааны хүрээнд П.Н.Шастины гуч хүү Николай Павлович Шастин Улсын гуравдугаар төв эмнэлэгт захидал ирүүлжээ. Тэрээр захидалдаа, Монгол Улсад олон жил ажиллаж, өөрийн мэдлэг чадвар, туршлага дадлагаа хүн ардын эрүүл мэндийн төлөө зориулж ирсэн Шастины гэр бүлийн үе үеийн эмч нарын дурсгалыг хүндэтгэн санаж байдагт гүнээ талархаж явдаг тухайгаа онцлон дурджээ.
 
Мөн өөрийн элэнц өвөө Шастиныг монголчуудын итгэлийг олсон сайн эмч байсан төдийгүй сайн зохион байгуулагч болохоо харуулсан гэж бахархаж явдаг тухайгаа бичсэн байна. Түүний өөрийнх нь аав болох монголчуудын дунд “Эмч Шастины ач” гэгдсэн Павел Николоевич Шастин мөн 1967-1970 онд Хүүхдийн мэс заслыг хөгжүүлэхээр Монгол Улсад томилолт өвөртлөн ирж, хүүхдийн мэс заслын салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан эмч хүн байсан юм.

Захидал ирүүлсэн гуч хүү Николай Павлович Шастин нь одоо ОХУ-ын Москва хотын тэргүүлэх эмнэлгүүдийн нэг болох Н.Ф.Филатовын нэрэмжит Хүүхдийн эмнэлэгт Хүүхдийн мэс заслын тасгийн эрхлэгчээр ажилладаг аж. Тэрээр анагаах ухааны доктор, хүүхдийн үе мөчний гэмтэл согогийг оношлох, эмчлэх чиглэлээр эмчилгээний олон шинэ аргачлал санаачлан нэвтрүүлсэн ОХУ-ын нэр хүндтэй шилдэг эмч нарын нэг юм. Мөн түүний хүү Павел Николаевич нь өнгөрсөн жил их сургууль төгсөж, эмч болсон бөгөөд одоо хүүхдийн мэс засалч болохоор нарийн мэргэжлийн сургалтад суралцаж байгаа юм байна.

Тэрээр захидлынхаа төгсгөлд олон зуун жилийн түүхтэй Орос, Монгол Улсын найрамдал цэцэглэн хөгжиж, хоёр орны иргэн бүр хөрш орныгоо хайрлан хүндлэх сэтгэлийг зүрхэндээ тээж явах болно гэдэгт итгэдэг гээд Улсын гуравдугаар төв эмнэлэг үүсгэн байгуулагдсаны 60 жилийн ойн үйл ажиллагааны хүрээнд зохион байгуулагдах Олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцож, илтгэл тавих хүсэлтэй байгаагаа уламжилсан байна.
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

П.Н.Шастины гэр бүлээс захидал ирүүлжээ   
Үзсэн: 1286 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй