Шууд Chart

Ц.Нямцэвээн: Үерээс хамгаалах 158 км далан суваг бий

2022-03-15 09:45:31

УБЗАА-ны Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн дарга Ц.Нямцэвээнээс нийслэл хотын үерийн барилга байгууламжийн өнөөгийн нөхцөл болоод энэ онд хийгдэх бүтээн байгуулалтын талаар тодрууллаа.   

Тэрбээр "Улаанбаатар хотын хэмжээнд үерээс хамгаалах 158 км далан суваг, инженерийн байгууламж, авто замын борооны болон хөрсний ус зайлуулах 176.2 км шугам, хөрсний ус зайлуулах 18.8 км шугам сүлжээ бий. Нийслэл хотыг үер усны эрсдэлгүй байлгахын тулд нэмэлтээр 300 км гаруй инженерийн байгууламж, шугам сүлжээ тавих  шаардлагатай. Өнгөрсөн жилүүдэд нийслэлийн болон орон нутгийн сангийн хөрөнгө оруулалтаар Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт халиа дошин үүсдэг цэгүүдэд дернажийн систем болон үерийн ус зайлуулах байгууламжуудыг барьж ашиглалтад оруулсан. Энэ жилийн хувьд Хан-Уул дүүргийн Жаргалантын аманд үерээс хамгаалах байгууламжийн иж бүрэн засвар шинэчлэлт болон одоогийн ашиглаж буй шугам сүлжээний шинэчлэлд нийтдээ 2.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт төлөвлөөд байна. Зүүн бүс буюу Баянзүрх дүүргийн 8, 17 дугаар хороог хамарсан Шар хадны эцсээс Амгалан дулааны станц хүртэлх айлууд хавар, намрын улиралд халиа дошинд өртөх эрсдэлтэй байдаг. Тэдгээр  сувгуудыг  иж бүрэн шинэчлэх,  хөрсний усыг боловсруулж, дулааны цахилгаан станцын технологийн хэрэглээний ус болгон ашиглах ажлын ТЭЗҮ, зураг төслийг Дэлхийн банкны санхүүжилтээр боловсруулж дууссан.  Энэ ажлыг хийж гүйцэтгэснээр зүүн бүсийн халиа дошин, хөрсний усны асуудал шийдэгдэнэ. Сонгинохайрхан дүүргийн Толгойт гол орчмын ТЭЗҮ, зураг төслийг мөн боловсруулсан.

Ер нь бол үерээс хамгаалах инженерийн байгууламж нь асар өндөр өртөгтэй, эргэж зардал нөхөх боломжгүй байдгаас хөрөнгө оруулалт татахад хүндрэлтэй. Түүнчлэн үерийн байгууламжийг 100 жилд тохиолдох хамгийн өндөр үерийн давтамжаар тооцоолж барьж байгуулдаг тул хөрөнгө оруулалт өндөр гардаг юм" гэлээ. 

Л.Алтангэрэл: Улаанбаатар хот орчмын хөрсний усны иж бүрэн судалгаа хийсэн

Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн мэргэжилтэн Л.Алтангэрэлийн тухайд “2018 оноос дэлхий дээр усан эрин эхэлж байна гэж эрдэмтэд үздэг. Гэтэл хөдөөнөөс ирсэн хүмүүс суурьших газар нутгаа нарийн судлалгүй хашаа хатгадаг. 1950-1970 оноос өмнө булаг шанд байсан газрууд хатаж ширгэснээс хүмүүс төдийлөн мэдэхгүйгээр суурьшсан тохиолдол цөөнгүй. 10-20 жил зүгээр амьдарч байсан газарт булаг шанд бий болж, халиа дошин үүсэж байна гэдэг гомдол ийм учиртай. Нийслэлийн хэмжээнд жилдээ халиа дошинг арилгахад 200 сая гаруй төгрөг зарцуулдаг. 2011-2013 онд Улаанбаатар хот орчмын хөрсний усны иж бүрэн судалгаа хийсэн. Энэ судалгааны хүрээнд Толгойт, Зүүн уулын суваг орчимд болон хотын төвд хөрсний ус зайлуулах 18.8 км шугам сүлжээг барьж байгуулсан” гэлээ.


Ц.Нямцэвээн: Үерээс хамгаалах 158 км далан суваг бий  
Үзсэн: 894 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй