"АНД" хэвлэлийн газраас зохиолч, сэтгүүлч Б.Ойдовын 25 жилийн турш сурвалжлан бичсэн "Ар халхын шилийн сайн эрчүүд" найман боть номыг нэгтгэж "Халх Монголын сайн эрчүүд" хэмээх ном хэвлэгджээ.
Манжийн засаглалын 200 жил болоод Ардын хувьсгалын жилүүдэд Монгол орны өнцөг булан бүрээс тодрон гарч ирсэн шилмэл сайн эрсийн гайхам түүх домог энд хуран цугларчээ.
Манай үe үeийн зохиолч, сэтгүүлч, түүхч, яруу найрагчид өөр өөрсдийнхөө нутаг орноос төрж гарсан сайн эрсийнхээ домог түүхийг маш сайн мэддэг байсан нь ийм том ном гарахад тун ч их дэмжлэг болсныг дурдууштай. Жишээ нь Баянхонгорын сайн эрсийн тухай яруу найрагч Т.Галсан, эрдэмтэн зохиолч С.Дулам, Говь-Алтайн сайн эрсийн тухай Төрийн шагналт зохиолч Д.Норов, түүхч Н.Нагаанбуу гэх мэтээр өрнөнө.
Түүнчлэн Дорнод аймгийг Г.Аким тэргүүтэй, Дундговь аймгийг До.Цэнджав тэргүүтэй, Дорноговь аймгийг Л.Одончимэд тэргүүтэй зохиолч, найрагчид хүүрнэн өгүүлж, Монголын бүхий л аймаг энэ л зарчимаар үe үeийн сайн эрсийнхээ түүх намтрыг бүтээв.
Сайн эрс гэдэг тодорхойлолтонд хаяагаа хадардаг жалга довны явцуу нөхөд орсонгүй. Харин Бээжин тийш туугддаг байсан Манжийн хааны агтыг замаас нь тасдан хөөж Монголынхоо нутаг руу зүглүүлдэг, мөн нутаг орныхоо шунахай баяд, засаг ноёдын эсрэг ард олноо төлөөлөн тэмцэж ирсэн дайчин цогтой тэмцэгч эрчүүд хамрагдсан болно.
Мөн уг номын "Шүлэг найрагт мөнхөрсөн шилийн сайн эрчүүд" хэмээх бүлэгт манай гуч гаруй найрагчийн сайн эрд зориулсан шүлэг дуулал нийтлэгдэв. Тиймээс энэхүү номыг Монголын нийт зохиолч, найрагчдын хамтын бүтээл гэж хэлж болно.
Орос, Буриад, өвөрлөгч дөчин eсөн хошууг тэмтэрч, Хөх нуураас Тагна Урианхайн хязгаар хүртэл, Хянганы нуруунаас Тэнгэр уул, Ил Тарвагатай хүртэлх өргөн уудам нутгийг агтны туурайгаар тамгалж, хүлгийн сайныг шилж унан дур зоргоороо жигүүрлэн нисч явсан “Халх Монголын сайн эрчүүд”-ийн нэвтэрхий толь ийнхүү бүтжээ.
“Халх Монголын сайн эрчүүд”-ийн нэвтэрхий толь хэвлэгдэв | ||
Үзсэн: 1360 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.