Шууд Chart

МҮОНРТ НЭМҮТ-тэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

2022-03-17 16:28:20

МҮОНРТ-ийн Ерөнхий захирал А.Бүрэнбаатар, Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв (НЭМҮТ)-ийн Ерөнхий захирал Д.Нарантуяа нар өнөөдөр МҮОНРТ-ийн байранд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.

Санамж бичгийн зорилго нь нийгмийн эрүүл мэндийг хамгаалах, сурталчлан таниулах болоод төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, инновацийн хамтын ажиллагаа, түншлэлийг өргөжүүлэхэд оршиж буй.

Тэдэнтэй МҮОНТ-ийн үүрэг гүйцэтгэгч Н.Байгал, “Монголын мэдээ” сувгийн продюсер Ц.Цэнд, НЭМҮТ-ийн ЭМДӨУСА-ны дарга С.Гэрэлмаа, БХЗХ-ийн ХМОНХА А.Сарантуяа нар байлцав.

А.Бүрэнбаатар: 21 аймагт суугаа гэрээт сурвалжлагчаа эрүүл мэндийн сургалтад хамруулна

МҮОНРТ-ийн Ерөнхий захирал А.Бүрэнбаатар "МҮОНРТ, НЭМҮТ-тэй өмнө нь “Ковид-19” цар тахлын үед урьдчилан сэргийлэх болон вакцинжуулалтын чиглэлээр хамтарч ажиллаж байсан. Энэ удаагийн хувьд Монгол Улсын Засгийн газраас ирэх тавдугаар сард хэрэгжүүлэх эрт илрүүлгийн томоохон ажиллагааны хүрээнд юм. Эрт илрүүлэгт иргэд маань хамрагдсанаар ямар ач холбогдолтой вэ гэдэг талаар манай телевиз эрүүл мэндийн нэвтрүүлэг, мэдээ түгээнэ. Санамж бичгийн хүрээнд төлөвлөгөө боловсруулж ажиллах учир тухайн үед нь ямар давтамж, агуулгаар үзэгчдэд хүргэхээ ярилцах юм. “Монголын мэдээ” суваг болон МҮОНР 21 аймагт гэрээт сурвалжлагчтай тул хамгийн эхэнд тэдгээр сэтгүүлчээ эрүүл мэндийн сургалтад хамруулна" гэлээ.

Д.Нарантуяа: Ард иргэдээ эрт илрүүлэгт хамруулснаар урьдчилан сэргийлэх хамгийн том алхам болно

НЭМҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нарантуяа "МҮОНРТ нийгмийн хариуцлагынхаа хүрээнд өмнө нь бидэнтэй хамтран ажилладаг байсан. Ялангуяа иргэдэд эрүүл мэндийн зөв мэдээлэл өгөх, хамгийн ойр ажиллахад хэвлэл мэдээллийн байгууллагын ажилчид чухал үүрэг гүйцэтгэдэг. Тэдгээрээс бүх аймагт гэрээт сэтгүүлчтэй дээрх телевизтэй дахин хамтарч ажиллах гэж байгаадаа таатай байна. Ирэх тавдугаар сарын 1-нээс Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлэх эрүүл мэндийн эрт илрүүлгийн томоохон ажиллагаанд МҮОНРТ маш их үүрэгтэй оролцоно гэдэгт итгэлтэй байна. Улсынхаа хүн амыг 100 хувь эрт илрүүлэгт хамруулна гэдэг бол ард иргэдээ урьдчилан сэргийлэх ажлын хамгийн том алхам юм. Урьдчилан сэргийлэх гэдэг бол анхдагч, хоёр дахь ч, гурав дахь ч гэж байдаг. Харин миний ярьж буй эрт илрүүлэг бол хоёр дахь ч урьдчилан сэргийлэлт. Хэн нэгэн өөрийгөө эрүүл гэж бодоод явж байсан ч эрт илрүүлэгт хамрагдсанаар нуугдмал өвчлөлөө мэдэх боломжтой. Үүнийг бид эрүүл мэндийн даатгалаар хамруулна. Хэрвээ тус даатгалд хамрагдаагүй бол аль болох эрт хамрагдаж, иргэнийхээ үүргийг гүйцэтгэх шаардлагатай болж байна" гэв.

Нийтэлсэн: У.Баярсайхан

МҮОНРТ НЭМҮТ-тэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа  
Үзсэн: 1531 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй